
Зургийг: Taylor Weidman/Bloomberg
Хөрөнгийн зах зээлд хувьцааг нь нээлттэй санал болгох төрийн өмчийн компаниудын жагсаалтад багтсан "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ нь 2025 онд 693.1 тэрбум төгрөгийн ашигтай ажилласнаа тайлагналаа.
Хуулиараа тус компанийн 10 хувийг Монголын хөрөнгийн биржээр арилжаалах боломжтой байгаа. Олон улсын стандартаар хийлгэсэн хөрөнгийн үнэлгээгээр "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ нь 6.6 их наяд төгрөгийн үндсэн хөрөнгөтэй бөгөөд ашгийн харьцаа нь 11.6 хувьтай гарсан юм. Эрдэнэтийн ордын геологийн нөөц багасаж байгаа тул дараагийн шатны ордын үнэлгээг хийлгэж, түүнийг ашиглах дэд бүтцийг бий болгох нь чухал гэж компанийн удирдлагууд үзэж буй.
2025 оны хувьд 47.1 сая тонн хүдэр олборлож, 39.9 сая тонныг боловсруулснаар 574,000 тонн зэсийн баяжмал үйлдвэрлэж, экспортод гаргажээ. Үүний үр дүнд борлуулалтын орлого нь 4.6 их наяд төгрөгт хүрч, улсын төсөвт 2.2 их наяд төгрөгийн татвар төлсөн аж. Ирэх онд 700 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийх төлөвлөгөөтэй байгаагаа тус компани мэдээлээд байна.