logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Ярилцлага
    Нийтлэлийг хуваалцах
    Bloomberg TV Mongolia
    Э.Түвшинжаргал: Метро төсөл Монголд зарлагдсан хамгийн том төсөлд тооцогдоно
    Нийтэлсэн огноо: 2025 оны 12 сарын 25 16:12
    1244

    Зургийг: Bloomberg TV Mongolia

    Нийт 2.4 тэрбум ам.долларын төсөвт өртгөөр хэрэгжих Улаанбаатар Метро төслийн гүйцэтгэгчийг сонгох хоёдугаар шатны тендер зарлагдсантай холбоотойгоор Нэгдсэн Төслийн Удирдлагын газрын захирал Э.Түвшинжаргалтай ярилцлаа.

    - Түгжрэл талаасаа авч үзвэл ач холбогдолтой гэдэг дээр хот төлөвлөлтийн инженерүүд санал нэг байна. Нөгөө талаасаа яавал энэ төсөл илүү үр ашигтай байх вэ гэдэг дээр нэг анхаарах асуудлыг бас эдийн засагчид ярьж байна. Тодруулбал, үл хөдлөх хөрөнгийн түрээсийн үйл ажиллагаа давхар явуулбал метро төсөл хөрөнгө оруулалтаа нөхөх боломж нь илүү байна гэсэн байр суурийг илэрхийлж буй. Тэгэхээр та бүхэн энэ дээр ямар тооцоолол, төлөвлөгөөтэй байна вэ?

    - Та маш чухал асуулт асуулаа. Ерөнхийдөө манайхан энэхүү метро төслийн зөвхөн санхүүгийн үр өгөөжийг тооцмооргүй байгаа юм. Энэ дээр нийгэм, эдийн засагт үзүүлэх нөлөөлөл, байгаль орчны нөлөөлөл, эдийн засгийн нөлөөлөл гээд олон асуудал яригдах ёстой. ТЭЗҮ боловсруулах явцад алдагдагдсан боломжийн судалгаа хийхэд нэг хүн цаг хугацаа, түгжрэлд жилд дунджаар 2.4 сая төгрөгийг алдаж байна гэж тогтоосон. Дөрвөн ам бүлтэй нэг айл байлаа гэж бодоход жилд ойролцоогоор 10 сая орчим төгрөгийг алдаж байна. Тэгэхээр ганцхан улсын төсөв дээр тоо бодоод ийм эерэг, сөрөг нөлөөтэй байна гэж бодохоосоо илүүтэйгээр нийгэмд үзүүлж байгаа, энэ олон цаг түгжирч зогсож байгаа иргэдийн машин, тоног төхөөрөмж, техник чинь бүгдээрээ түгжрэхгүй болоод эхлэхээр маш богино хугацаанд үр өгөөжөө өгөөд эхэлнэ. Дээр нь иргэд маань ая тухтай ажиллаж, амьдрах ёстой. Өртөөнүүдэд хүйтэнд даарахгүй. Газрын гүнд дулаан байна. Ийм 5-6 өртөө бий. Бас өртөө орчмын үл хөдлөх хөрөнгүүдийн үнэлэмж өснө. Өртөөнүүдэд ойролцоогоор 1500 орчим жижиг дунд үйлдвэрлэгч, аж ахуй эрхлэгчид бий болно. Өртөө орчмын ААН-үүдээс харвал 150,000 хүний ажлын байр бий болно. Манай төслийн ТЭЗҮ дээр ийм нарийн эдийн засгийн үр өгөөжийн тооцооллууд гарсан. Мөн эдийн засгийн үр өгөөжийг тооцоход энэ төслийн жилд үзүүлэх эдийн засгийн үр өгөөж нь 600 орчим сая амдоллар байна гэж гарсан. Хийсвэрээр тэр бүх хүчин зүйлийг тооцоод үзэхэд метро төслийн эдийн засгийн үр нөлөө дөрвөн жилд  2.4 тэрбум ам.доллар байгаа. Цаашдаа улсын ДНБ-ийг нэмэгдүүлэх тухайд төсөл хэрэгжсэнээр ДНБ 10 орчим хувиар шууд тэлнэ гэж Зөвлөх үйлчилгээний баг тооцоолсон. Тэгэхээр яалт ч үгүй энэ метро төсөл хэрэгжих ёстой юм байна гэж дүгнэсэн. Дээр нь, дэлхийн улс орнуудын 1/3 нь метротой. Тэр дундаа Ази буюу Төв Ази, Зүүн Азийн бүс нутагт метрогүй улс маш цөөхөн байна. Үүний нэг нь Монгол. Манайхтай адил метрогүй байгаа улс нь Тажикстан, Балба, Мьянмар, Камбож зэрэг улс бий. Бүс нутгийн бусад бүх улс метротой болсон. Өөрөөр хэлбэл, метро гэдэг нь ганцхан эдийн засгийн үр өгөөж биш бас тухайн улс орны хөгжил, аялал жуулчлал, иргэдийн ая тухтай байдал зэрэг бүх шинж чанарыг харуулдаг болсон байна. Тэгэхээр метро нь хоёр сая хүн ам суурьшиж байгаа хотод бол зайлшгүй байх ёстой тээврийн хэрэгсэл юм. Өнөөдрийг хүртэл хийгдээгүй. ТЭЗҮ, судалгаа хийгдээд 14-15 жил өнгөрсөн. Сая 2025 онд л эрчтэй явж байна.

    - Хэд хэдэн нийтийн тээврийн төсөл зэрэг хэрэгжихээр байна. Үүнтэй зэрэгцээд өмчилсөн газруудыг яах вэ гэдэг асуудал гарч ирлээ. Жишээ нь, дүүжин тээвэр төсөл дээр миний санаж байгаагаар хэд хэдэн ийм асуудал үүссэн. Дүүжин тээврийг барих байршилд байгаа объектуудыг нүүлгэх үү, яах уу гэдэг асуудал. Яг ийм нөхцөл байдал метро болон трамвайн төсөл дээр үүсэх байх. Энэ дээр ямар зохицуулалт хийх төлөвлөгөөтэй байна вэ?

    - Ерөнхийдөө аливаа бүтээн байгуулалт хийхэд хамгийн хүндрэлтэй, төсөвт өртгийг нэмдэг зүйл бол газар чөлөөлөлт юм. Гэхдээ ТЭЗҮ, судалдаа дээр газар чөлөөлөлт хамгийн бага байх хувилбарыг манай зөвлөх багуудаас сонгон шалгаруулж, ирүүлж байгаа. Дүүжин тээврийн хувьд бол одоо газар чөлөөлөлт байхгүй. Энэ дээр нэг дурдах ёстой зүйл бол ААН-үүд нийслэлээс хэрэгжүүлж буй томоохон төсөл, хөтөлбөрүүдийг маш их дэмжин ажиллаж байна. Тиймээс тухайн аж ахуй нэгжүүдэд талархал илэрхийлэх ёстой. Газар чөлөөлөлтийн асуудалд ААН-үүд болон нийслэлээс уян хатан хандаж байгаа. Газрыг өөр газар хэлбэрийн нөхөн олговортойгоор өгөх, газрын зориулалтыг өөрчилж байна. Зарим нь өөрийнхөө газар дээр барь гээд газраа ашиглуулж байна. Жишээлбэл, “Улаанбаатар БҮК” ХК-ийн газар дээр манай шон, өндөр цамхаг боссон. Дээр нь нүхэн гарц төсөл маш их газар чөлөөлөлттэй байсан. Гэсэн ч тухайн ААН-үүд нийслэлтэй гэрээ байгуулаад, газраа чөлөөлөөд явж байна. Газар чөлөөлөлтийн хамгийн асуудалтай хэсэг нь тойрог зам, хурдны замын төсөл юм.  Сэлбэ 20 минутын хот төсөл дээр 2200 гаруй нэгж талбарыг чөлөөлөхөөс өнөөдрийн байдлаар 2100 орчим нэгж талбарыг чөлөөлчихсөн. Иргэд маань маш идэвхтэй хамтарч ажиллаж байна гэсэн үг. Яахав, цөөн тооны иргэд үл хөдлөх хөрөнгийн үнэлгээн дээр маргаантай байгаа учраас чөлөөлөхгүй байгаа. Гэхдээ ямар нэгэн шийдэлд хүрнэ гэж найдаж байна. Метро төслийн хувьд газрын гүнд 25-30 метрт байгуулагдах учраас газар чөлөөлөлтийн асуудал бараг байхгүй гэж ойлгож болно. Трамвай төсөл дээр бол багахан газрууд бий. Гэхдээ ихэнх нь одоо сул байгаа газраар хэрэгжээд явах учраас төслийг төсөвт өртөгт нь багтаагаад, амжилттай хийж чадна гэж тооцоолж байна.

    - Эдгээр төслүүд ашиглалтад орохоор эрчим хүчний хэрэглээ одоогийнхтой харьцуулахад нэлээн нэмэгдэх нь ээ. Эрчим хүчний хэрэглээг хангах хэмжээний эх үүсвэр энэ хугацаанд ашиглалтад орж чадах уу?

    - Тийм. Энэ дээр нэг зүйлийг хэлэхэд Нэгдсэн Төслийн Удирдлагын газарт эрчим хүчний төсөл ирээгүй. Гэхдээ та бүхэн маань өөрсдөө мэдэж байгаа. Энэ онд Лаг шатаах үйлдвэр, ТЭЦ-5 гэсэн хоёр том төслийн тендерийг нийслэлээс амжилттэй зарлаж, ААН-үүд нь гэрээгээ хийгээд, ажилдаа орчихсон явж байна. Эрчим хүчний хувьд сүүлийн 50-60 жилд  манайх ДЦС бариагүй. Одоо энэ ажлууд хэрэгжих гээд, санхүүжилт нь шийдэгдээд, эхний урьдчилгаа мөнгөнүүд нь шилжээд, ажил эхэлж байгаа. Та сая бас хэллээ. Бөөрөлжүүтийн цахилгаан станцын асуудлыг ярьсан. Төр хувийн хэвшилтэй хамтраад, тендерээ зарлаад, хэрэгжүүлээд эрчим хүчний төслүүд тодорхой хэмжээнд урагшилж байгаа. Тэгэхээр нийслэлийг тэлж байгаатай холбоотой эдгээр төслүүд уялдаатайгаар ачааллаа аваад явна. Тийм учраас миний бодлоор нэг их эрчим хүчний дутагдалд орохгүй байх гэж үзэж байна.

    Cэтгэгдэл бичих