logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Ярилцлага
    Нийтлэлийг хуваалцах
    Bloomberg TV Mongolia
    С.Ган-Эрдэнэ: ББЗЗ-д 2025 оны эхний 11 сард хоёр их наяд гаруй төгрөгийн бонд бүртгэгдсэн
    Нийтэлсэн огноо: 2025 оны 12 сарын 24 16:01
    729

    Зургийг: Bloomberg TV Mongolia

    Голомт Капитал ҮЦК ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Ган-Эрдэнэ оны эхний 11 сарын байдлаар биржийн бус зах зээлд ойролцоогоор хоёр их наяд төгрөгийн бонд бүртгэгдээд байгааг онцолж байна. Түүнтэй тус зах зээлийн өнөөгийн байдал, ирээдүйн чиг хандлагын талаар ярилцлаа.

    - Голомт Капитал нь биржийн бус зах зээлийн хамгийн идэвхтэй брокер компаниудын нэгт тооцогддог. Тэгэхээр 2025 онд биржийн бус зах зээл дээр ямар онцлох үйл явдлууд болсон бэ? Зах зээлийн төлөв байдал ямар харагдаж байна вэ?

    - Монголын хөрөнгийн зах зээлийн хамгийн томоохон хэсгийг эзэлж байгаа, хамгийн идэвхтэй зах зээл бол биржийн бус зах зээл юм. 2025 оны эхний 11 сарын байдлаар ойролцоогоор хоёр их наяд төгрөгийн бонд бүртгэгдсэн. Манай компанийн хувьд 700 гаруй тэрбум төгрөгийн бондыг биржийн бус зах зээл дээр арилжаалсан юм. Хамгийн гол онцлох зүйл гэвэл бодит салбарын томоохон төслүүдийн санхүүжилт энэ зах зээл дээр хийгдэж байна. Мөн системийн хувьд нэг онцлох зүйл нь блокчэйнд суурилсан арилжааны системд бүрэн шилжсэн явдал юм.

    - Өмнөх жилүүдийг харвал санхүүгийн салбарын бондууд дийлэнх хэсгийг эзэлдэг байсан. Энэ чиг хандлагад өөрчлөлт орсон уу?

    - Нийт статистикийн хувьд аваад үзвэл одоогоор 50-50 хувьтай байна. Манай компанийн андеррайт хийж байгаа бондуудыг харвал ойролцоогоор 75 хувь нь бодит салбарын бондууд, 23 хувь нь санхүүгийн салбарын, банк бус санхүүгийн байгууллагуудын бондууд бол эзэлж байна.

    - Зах зээлд оролцогчдын зүгээс “benchmark” хүүгийн түвшнийг нэлээн удаан хугацаанд шаардаж байсан шүү дээ. Монголбанкны бодлогын хүүд суурилж хүүгийн түвшнийг тогтоодог байсан. Харин энэ онд Засгийн дотоодын үнэт цаасыг арилжаалж эхэлсэн нь зах зээлд нөлөөлсөн үү? Хүүгийн түвшнийг тогтооход ямар нэг нөлөө үзүүлсэн гэж харж байгаа юу?

    - Засгийн газрын бонд нь мэдээж жишиг хүү болж байгаа. Гэхдээ одоо хүү харьцангуй тогтворжиж, тодорхой хэмжээгээр буурах хандлагатай байна. Үүний шалтгаан нь зах зээл дээрх бонд худалдан авагчдын эрэлт тодорхой хэмжээгээр нэмэгдэж байгаа тул бондын хүү өсөхгүй гэсэн хүлээлттэй байна. Ер нь 2026 онд ч одоогийн түвшинд хадгалагдана гэсэн хүлээлттэй байгаа.

    - Ирэх онд мөнгөний хатуу бодлого үргэлжлэх төлөвтэйг Монголбанкнаас танилцуулсан. Тэгэхээр ирэх онд үнэт цаас гаргагчид хэр их сонирхолтой байх вэ? Бонд гаргахаа хүлээх болов уу эсвэл нийлүүлэлт хэвээр байх уу?

    - Үнэт цаас гаргагчдын хувьд хүү, зардал гэхээс илүү санхүүгийн хүртээмжтэй байдал, шаардлагатай санхүүжилтийн олдоц чухал байгаа. Тэгэхээр хүүнд тийм ч мэдрэмтгий биш зах зээл гэж харж байна. Гэхдээ мэдээж хүү огцом нэмэгдвэл компаниуд үнэт цаас гаргах эсэхээ эргэж харна. Манай салбарын хувьд хүү, ялангуяа төв банкны бодлогын хүү ойрын зургаан сарын хугацаанд хөдлөхгүй гэсэн хүлээлттэй байгаа. Тэгэхээр хүүгийн асуудалд салбарын хувьд бас андеррайтер компанийн хувьд тийм ч огцом хөдөлгөөн ажиглагдахгүй гэж хүлээж байна.

    - Бодит салбарын компаниуд бонд гаргаж эхэлсэн гэсэн та сая хэллээ. Тэгэхээр бодит салбаруудын бонд гаргах сонирхол хэр их нэмэгдэж байгаа вэ?

    - Ер нь сонирхол маш өндөр байна. Ялангуяа эрчим хүч, уул уурхай, дэд бүтцийн томоохон төслүүд бондын санхүүжилт дээр илүүтэй явж байна. Эдгээр төслүүд нь мега төслүүд гэж яригддаг. Хэдэн тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардагддаг энэ төрлийн төслүүдийн санхүүжилтийн боломжийн хувьд арилжааны банкаар санхүүжүүлэх боломж нь маш хомс. Тэгэхээр олон улсын жишгийн дагуу төслийн хамгийн том санхүүжилтийн хэсэг бол бондын санхүүжилт байдаг. Монгол Улс ч мөн ялгаагүй яг тэр жишгээр явж байна. Одоо хөрөнгийн зах зээл дээр гарч байгаа хамгийн томоохон дүнтэй бондуудыг бодит салбарын бондууд эзэлж байна. Үнэт цаас гаргагчийн хувьд тооцоолоод үзвэл ийм байна.

    - Харин хөрөнгө оруулагч талаас харж үзэх юм бол аль салбарын бондуудыг илүү сонирхож байна вэ? Өгөөж өндөр байвал хөрөнгө оруулагчид тэрийг нь харгалзан үзэж байгаа болов уу? Эсвэл зөвхөн зөвхөн тодорхой нэг салбарт хөрөнгө оруулна гэсэн сонирхол байдаг уу?

    - Мэдээж хөрөнгө оруулагч нар бол эрсдэлээ тараан байршуулж байна. Яг нэг салбар гэхээсээ илүү тухайн компанийн санхүүгийн үзүүлэлт, бизнесийн үйл ажиллагаа, компанийн засаглал зэрэг андеррайтер компанийн магадлал шинжилгээнд суурилсан үзүүлэлтүүдийг харж байгаа. Мэдээж тухайн хөрөнгө оруулагчийн өөрийнх нь хөрөнгө оруулалтын зардлуудаас хамаараад зарим хүмүүс зөвхөн банк бусын бондууд авч байна. Зарим хүмүүс бол эсрэгээрээ групп компанийн бондыг сонгож авах жишээтэй.

    - Биржийн бус зах зээлийн арилжаа 2021 оноос хойш эхлээд, дөрвөн жилийн нүүрийг үзэж байна. Зах зээлийн түүхэн үзүүлэлт, хөгжлийг харвал цаашид ямар зохицуулалт, өөрчлөлт хийвэл зохистой гэж үзэж байгаа вэ?

    - Түрүүн хэлсэнчлэн зах зээл дээрх хамгийн амжилттай явж байгаа салбар бол биржийн бус зах зээл байна. Ойролцоогоор 5 их наяд төгрөгийн бонд зах зээл дээр бүртгэгдэж, одоо бондын үлдэгдэл 3.7 их наяд орчим төгрөг байна. Хөрөнгө оруулагч нарын тоо ч гэсэн жил ирэх тусам тодорхой хэмжээгээр нэмэгдэж байна.  Хувь хөрөнгө оруулагчдын тоог авч үзвэл одоо 6,000 гаруй хөрөнгө оруулагч байна. Мэргэжлийн хөрөнгө оруулагч компаниуд гэвэл ойролцоогоор 400 гаруй ААН байна. Мөнгөн дүнгийн хувьд эдийн засагт нөлөөлөхүйц хэмжээний томоохон дүн байгаа ч оролцогчдын тоо маш цөөн хэвээрээ байгаа. Ирэх онуудад оролцогчдын тоо, хөрөнгө оруулагчдын тоо өшөө нэмэгдэнэ гэж харж байгаа. Нийт эдийн засгийн нөхцөл байдлаас мэдээж хамаарна. Одоогоор зах зээл дээр хөрөнгө оруулалтын эрэлт өндөр байгаа ч бид нар эрсдэлтэй салбар эсвэл компанийн бондыг гаргаж болохгүй. Ялангуяа голомт капиталын хувьд магадлан шинжилгээ, “due diligence” дээр нэлээн өндөр шаардлага тавьж байгаа. Мэдээж зах зээлд танигдахын хэрээр компаниуд ч энэ зах зээл рүү хандах нь нэмэгдэж байна. Тэгэхээр шинэ төрлийн компаниуд орж ирнэ гэж харж байгаа. Гэхдээ зах зээл нийтээрээ бол компаниуд дээр тавих шаардлага нэлээн өндөрсчихөж байгаа.

    Cэтгэгдэл бичих