
Зургийг: Adam Gray/Bloomberg
(Bloomberg) -- Нью-Йорк хотын захирагчаар сонгогдсон Зохран Мамданигийн шинэ захиргаанд ажилд орохоор 74 мянга гаруй иргэн өргөдөл өгсөн байна. Ажилд горилогсдын дундаж нас 28 байсан нь шинэ он гараад албан тушаалаа хүлээн авах Зохран Мамданид иргэдийн хүлээлт маш өндөр байгааг, мөн Нью-Йорк хотын залуучуудад хөдөлмөрийн зах зээл хэр хүнд байгааг харуулсан дохио болжээ.
Өмнө нь олонд төдийлөн танигдаагүй байсан 34 настай Мамдани мужийн ассемблейн гишүүнээс Америкийн хамгийн том хотын удирдагчаар сонгогдоход залуу сонгогчид, сайн дурын ажилтнууд ихээхэн дэм болсон юм. Тус хотод 16-24 насныхны ажилгүйдлийн түвшин 2024 оны байдлаар 13.2 хувь байсан нь 2019 оноос 3.6 нэгж хувиар өссөн үзүүлэлт болохыг Нью-Йорк мужийн захиргааны санхүүгийн тайлан харуулж байна. Харин нийт иргэдийн ажилгүйдлийн түвшин наймдугаар сард 5.8 хувь буюу АНУ-ын дунджаас 1.3 нэгж хувиар илүү байжээ.
Нью-Йорк хотод амьжиргааны зардлыг бууруулахад чиглэсэн Мамданигийн амлалтууд нь ажлын байрны олдоц, түрээсийн өндөр үнэ, орлогын удааширсан өсөлт зэрэг бэрхшээлтэй тулгарч буй Нью-Йоркийн сонгогчдийн таалалд нийцсэн юм. Тэрбээр ажлаа хүлээн аваад өөрийн удирдлага доорх 60 агентлаг, 95 ажлын алба, 250 гаруй зөвлөл, комисст шинэ ажилтнууд авахаар байна.