
Зургийг: mmhi.gov.mn
Монгол Улс ОХУ-аас энгийн “АИ-92” автобензинийг 705 ам.доллароор авах гэрээтэй учраас үнэ нэмэгдээгүй, харин "Евро-5" стандартын “АИ-92” автобензиний хилийн үнэ харилцан адилгүй байгаагаас шалтгаалж 2920-3080 төгрөгөөр худалдаалагдаж байгааг Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас мэдээллээ.
Шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлэхийн тулд БНХАУ-аас "Евро-5" стандартын "АИ-92" импортолж байгаа нь ОХУ-аас авч буй Евро-5 стандартын шатахуунаас өндөр үнэтэйг тодотгосон юм.
Шатахууны хомсдол нь ОХУ-д нөхцөл байдал хүндэрсэн, иргэдийн хэрэглээ нэмэгдсэнээс гадна зарим тохиолдолд санаатай болон санамсаргүйгээр зохиомол хомсдол үүсгэж буйтай холбоотой гэж салбарын яам тайлбарлаж байв.
Төмөр замын хэмжээнд 12 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар 5220 тонн "АИ-92" автобензин тээвэрлэгдэж, шатахуун түгээх станцуудад богино хугацаанд нийлүүлэх арга хэмжээ авч байгаа ч шатахууны 30 хүрэхгүй хоногийн хэрэглээг нөөцлөх савны багтаамжтай байгаа нь хүндрэл дагуулж буйг хэлж байв.
Үүнийг нэмэгдүүлэхэд 500 тэрбум орчим төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгохоор холбогдох хуулийн төслийг УИХ-аас баталсан бөгөөд урьдчилсан байдлаар 20 орчим ААН, нийт 200 гаруй мянган метр куб багтаамж бүхий агуулах сав барих хүсэлтээ өгөөд байгаа аж.