logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Үл хөдлөх хөрөнгө
    Нийтлэлийг хуваалцах
    Bloomberg TV Mongolia
    Г.Лувсанжамц: Гэр хорооллын бүх өрхийг нэгдсэн дулааны шугамд холбоход 30 их наяд төгрөг шаардлагатай
    Нийтэлсэн огноо: 2025 оны 12 сарын 23 15:32
    537

    Зургийг: Bloomberg TV Mongolia

    Гэр хорооллын бүх өрхийг нэгдсэн дулааны шугамд холбоход 30 их наяд төгрөг шаардагдахыг УИХ-ын гишүүн, Хот төлөвлөлтийн инженер Г.Лувсанжамц онцолж байна. Түүнтэй агаарын бохирдол, түгжрэл зэрэг хот төлөвлөлтийн асуудлаар ярилцлаа.

    - Таны хэлж байгаачлан ерөнхийдөө хэрэглээг дэмжсэн утааг бууруулах бодлого яваад байна. Энэ нь буруу, одоо дулаалъя гэж байна. Урт хугацааны шийдэл бол мэдээж орон сууцжуулах шүү дээ. Тэгэхээр ийм бодлогын зөрчилдөөнүүдийг харгалзан үзвэл Улаанбаатар хот яг хэзээ, хэдэн хувиар утааг нь бууруулах боломжтой вэ? Энэ дээр тодорхой ойлголт иргэдэд байхгүй байна.

    - Тийм ээ. Хотын асуудлыг шийдэхийн тулд ганцхан шийдлийг хэрэгжүүлж болдоггүй. Санхүүгийн байгууллагууд ч гэсэн тийм зөвлөмж өгдөг шүү дээ. Нэг сагсанд бүх зүйлээ битгий хий гэдэг. Хотын асуудлыг шийдэх нь үүнтэй яг адилхан. Бид нар өнгөрсөн жилийн хугацаанд зөвхөн сайжруулсан түлш, утаагүй зуух зэрэг ганцхан төрлийн шийдэл дээр л хөрөнгө оруулалт хийж ирсэн. Бид нар олон төрлийн шийдлийг зэрэг хэрэгжүүлэх ёстой. Бүх айлыг орон сууцанд оруулах боломжгүй. Энэ дээр бүгд нэгдсэн ойлголтод хүрмээр байна. Жишээлбэл, Улаанбаатар хотын нийт өрхийн 50-60 орчим хувь нь гэр хороололд нь амьдарч байгаа. Эдгээр өрхийг бүгдийг нь дулааны шугам, халуун усны шугам зэрэг бүх сүлжээтэй холбоход 30 их наяд төгрөг хэрэгтэй. Тэгэхээр миний санал болгож байгаа 600 тэрбум төгрөг гэдэг бол бодитоор хэрэгжих боломжтой үнийн дүн шиг сонсогдоно гэж бодож байна. 2032 он хүртэл сая хэлсэн хөрөнгөөр байшин, гэрийг дулаалахад дэмжлэг үзүүлбэл 2028 он гэхэд нийслэлийн агаарын бохирдол 50-аас дээш хувиар буурах боломжтой. Энэ тооцооллыг бүгдийг нь хийгээд Ерөнхий сайд болон Хотын даргад танилцуулсан байгаа.

    - Та түрүүн метроны асуудлыг дурдсан. Нийслэлд хэрэгжиж байгаа 16 мега төслөөс метрог бол дэмжиж байгаа гэлээ. Та өмнө нь Японд амьдарч байсан. Метрог хамгийн ихээр ашигладаг улсуудын нэг шүү дээ. Улаанбаатар хот нь хоёр сая хүн амтай тул мега хот гэдэг жагсаалтад аль хэдийнээ орсон. Улаанбаатар хотод метро хэрэгтэй гэдэг дээр Нийслэлийн Засаг дарга хамгийн түрүүнд дэмжиж, уг төслийг хэрэгжүүлж байгаа. Улаанбаатар хотод нийгмийн талаасаа метро мэдээж хэрэгтэй. Харин үр ашиг, өртгийн хувьд авч үзвэл ямар тооцооллууд харагдах вэ?

    - Миний хувьд метроны төслийг дэмждэг. Яагаад гэвэл хотууд хүн ам нь нэг сая давахаар нийтийн тээврийн том хэмжээний хөрөнгө оруулалтыг бодож, тооцоолж эхэлдэг. Анх 2013 онд “ЖАЙКА”-аас урьдчилсан ТЭЗҮ-г нь хийсэн. Тэр үед гаргасан тооцооллоор нэг суухад 2000 төгрөг орчмын зардалтайгаар метрог бүтээн байгуулбал эдийн засгийн үр ашигтай гэж үзсэн. Өнгөрсөн жил уг ТЭЗҮ-г шинэчлэхэд бас л ашигтай гэсэн тооцоолол гарсан гэсэн мэдээллийг нийслэлээс авсан. Бас нэг зүйлийг залруулахгүй бол болохгүй санагдаж байна. Мега хот гэдэг нь 10 саяас дээш давсан хүн амтай хотыг хэлдэг. Улаанбаатар хот бол ойр орчимд, хойд болон урд хөршид аж төрж байгаа нүүдэлчин угсааны 20 гаруй сая хүний нийслэл хот юм. Тэгэхээр бид нар ийм түгжрэлтэй байна гэдэг нь маш харамсалтай. Үүний гол шийдэл нь зөвхөн метро. Метрогоо хэрэгжүүлээд явахад мэдээж санхүүгийн янз бүрийн боломж, бололцоог харах ёстой. Одоогоор түлхүүр гардуулах гардуулах нөхцөлтэйтэйгөөр өөрсдөө санхүүжилтээ гаргаад төр, хувийн хэвшлийн түншлэлтэй адилхан хэлбэрээр хэрэгжүүлье гэсэн санал гаргасан. Санхүүжилтийн эх үүсвэрийг гаднын байгууллагуудтай ярилцаж байна гэсэн мэдээллийг Нийслэлээс авсан. Хэрэв хэрэгжүүлэгч олдох юм бол энэ төслийг хэрэгжүүлэх нь зөв гэж харж байгаа. Гэхдээ энэ дээр одоогийн автобустай адилхан татаасаар явуулахгүй байх ганцхан л боломж байгаа. Энэ нь юу вэ гэвэл “Transit-oriented development” гэж нэрлэдэг үл хөдлөх хөрөнгө болон нийтийн тээвэр хоёрыг хооронд нь уялдуулж, бүтээн байгуулалт хийдэг аргачлал юм. Жишээлбэл, метроны компани маань 2030, 2031 онд ашиглалтад орлоо гэж бодъё. Тэгэхээр нийт жилийн орлогынх нь 40 хувь билетийн орлогоос, үлдсэн 40 хувь нь үл хөдлөх хөрөнгийн түрээсийн орлого буюу метроны буудлууд байх газар дээр байх оффис, орон сууц, үйлчилгээний газруудын түрээсийн орлогоос, үлдсэн хувь нь “advertisement” буюу метро эсвэл үл хөдлөх хөрөнгө дотор явуулдаг зар сурталчилгааны орлогоосоо бүрдүүлнэ гэсэн үг. Ийм Азийн моделийг ашиглаж хэрэгжүүлэх ёстой гэдэг байр суурьтай байна.

    - Улаанбаатар хотод баруунаас зүүн тийш чиглэлд метро тавина гэсэн урьдчилсан мэдээлэл яваад байгаа шүү дээ. Ийм техникийн боломж нь байгаа юу?

    - Тийм, бүрэн боломжтой. ТЭЗҮ-тэй нь танилцаж байсан. Урьдчилсан ТЭЗҮ-г бүрэн уншсан. Миний хувьд нэг л зүйл өөрчлөгдсөн байгаа. Өмнө нь зөвхөн “Баруун 4 зам” болон “Зүүн 4 зам” хооронд газар доор ороод, тэндээс цааш газар дээр явна гэж байсан. Одоо шинэчлэгдээд тэр чигээрээ газар доогуур явна гэж байгаа. Хөрсний хувьд хэрэгжүүлэх боломжтой. Яагаад вэ гэхлээр ийм туннел ухахад хамгийн том сорилт нь усны асуудал байдаг. Улаанбаатар хотын хувьд Энх тайвны өргөн чөлөөний доор хэсэгт туннел ухахад их хэмжээний ус гарах магадлалгүй тул инженерийн хялбархан шийдлээр хэрэгжүүлэх боломжтой гэж ТЭЗҮ-ээр дүгнэсэн.

    - Ийм өндөр нягтаршилтай хүн амтай хотод шийдэх зайлшгүй шаардлагатай өөр нэг асуудал бол эцэг эхчүүдийн хувьд гэртэй ойрхон бүсэд сургууль, цэцэрлэг төлөвлөх болоод байна. Гэтэл өнөөдрийг хүртэл энэ асуудал шийдэгдээгүй байгаа. Тийм ч учраас түгжрэлтэй байна. Уг асуудалд нийслэл ямар бодлого баримтлах ёстой вэ? Та ямар өнцгөөс харж байна вэ?

    - Тийм ээ. Миний хувьд өнгөрсөн хаврын чуулганаар 20 минутын хот гэсэн үзэл баримтлалыг боловсруулж өгсөн. Ажлын хэсгийг нь би өөрөө ахласан. Одоо Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамнаас энэ үзэл баримтлалыг Засгийн газраар хэлэлцээд, батална гэсэн товтой байна. Үүнд юуг тусгасан бэ гэвэл яг таны хэлж байгаа сургууль, цэцэрлэг 20 минутын дотор байх юм. Өрхийн эмнэлэг, эмийн сан нь бас л 20 минутын дотор байна. Мөн ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай нь ч бас байдаг байя. Тавдугаарт бол нийтийн тээврийн зогсоол байх ёстой гэсэн зарчмыг баримталж байгаа. Яг ийм байдлаар хэрэгжүүлээд явах юм бол өнөөдөр нийт зорчилтын 70 орчим хувь нь хувийн машин байгааг  40 хувь хүртэл бууруулах боломжтой. Ингэснээр түгжрэлийн асуудал шийдэгдэнэ гэж үзэж байгаа. Дээрээс нь Засгийн газрын зүгээс 2026 оныг Боловсролыг дэмжих жил болгож зарласан. 2028 он хүртэл орон даяар 108 сургууль, 95 цэцэрлэг барих ёстой гэж тусгасан. Энэ дээр нийслэлд хаана, хэдэн сургууль, цэцэрлэг хэрэгтэй гэдэг бүх тооцооллыг нь гаргасан. Нийслэлийн хувьд одоогийн байдлаар 84 сургууль, 39 цэцэрлэг барих шаардлагатай байгаа. Жишээлбэл, Хан-Уул дүүргийн долдугаар сургууль 350 хүүхдийн суудалтай ч 2200 хүүхэд сурч байна. Ийм сургуулиуд маш их байгаа. Бид нар боловсролын хүртээмжийг нэмэх зорилгоор уг 84 сургуулийг барина гэж байгаа. Ирэх оны төсөв дээр 31 сургуулийг барихаар тусгасан. Энэ дээр мэдээж улсын төсөв болон АХБ-ны зээлийн санхүүжилт яригдаж байгаа. Бид нар хүүхдээ гэрийнхээ хажууд, ойрхон сургууль, цэцэрлэгт өгдөг боломж бүрдчих юм бол түгжрэл буурна. Өнөөдөр хичээл амрахаар түгжрэлгүй болчихдог гэдгийг хүн болгон мэддэг шүү дээ. Уг арга зам нь түгжрэлийн асуудлаас гадна боловсрол болон эрүүл мэндийн үйлчилгээнийхүртээмжийн асуудлыг шийднэ гэж харж байгаа.

    - Улаанбаатар хотод 84 сургуультай шаардлагатай гэсэн тооцоолол гарсан. 2026 онд 31 сургууль барина гэсэн зорилттой байгаа юм байна. Гэтэл яг одоо ямар асуудал үүсэж байна вэ гэхээр шинээр баригдсан сургуулиуд дээр багш, боловсон хүчин байдаггүй. Нийслэлээс эсвэл Боловсролын яамнаас тус сургуульд суурилуулах ширээ, сандлын төсөв байхгүй. Энэ дээр өөр гарц, гаргалгаа байна уу? Зарим эдийн засагч нар сургууль барьснаар энэ асуудал шийдэгдэхгүй, боловсролын системийг бүтнээр нь өөрчлөх шаардлага гэсэн шийдлүүдийг хэлж байна. Энэ дээр та юу гэж бодож байна?

    - Тийм ээ. Зарим эдийн засагч нарын хэлснээр бүтнээр нь өөрчилж, төлөвлөх шаардлагатай гэдэг бол бас нэг арга зам юм. Яг бодит шийдэл нь юу юм бэ гэж би бас асуумаар байдаг. Миний хувьд хот төлөвлөлтийн салбар нь нийгмийн дэд бүтцийн хүртээмжийг шийддэг. Багш нарын цалин, боловсролын чанар зэрэг асуудлыг Боловсролын яам хариуцах ёстой. Энэ дээр Жанчивын Галбадрах гишүүн болон П.Наранбаяр сайд нар дорвитой арга хэмжээ авахаар төлөвлөгөө хийгээд явж байна гэж харж байгаа. Жишээлбэл, багш нарын цалинг ирэх жил үе шаттайгаар 76 хувиар нэмнэ гэсэн шийдвэр гаргасан. Энийг зөв, буруу гэдгийг мэдээж харж байгаад шийдэх ёстой болов уу гэж бодож байна. Гэхдээ юу ч хийхгүй байснаас ямар нэг шийдэл, гарц гаргалгаа олоод, хэрэгжүүлж байгаа нь зөв зүйтэй зүйл гэж харж байна.

    Cэтгэгдэл бичих