logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Ногоон хөгжил
    Нийтлэлийг хуваалцах
    П.Тунгалаг
    НҮБХХ: Хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад эрчим хүчний салбар голлох нөлөөтэй
    Нийтэлсэн огноо: 2025 оны 12 сарын 23 10:23
    198

    Зургийг: SeongJoon Cho/Bloomberg

    Монгол Улс 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 22.7 хувиар бууруулах зорилт дэвшүүлсэн

    Монгол Улсын хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад чиглэсэн Үндэсний тодорхойлсон хувь нэмрийн зорилтын хэрэгжилт эрчим хүч болон эрчим хүчний бус салбарт тодорхой үр дүнтэй байна гэж НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн 12 дугаар сард танилцуулсан шинэ тайланд дүгнэсэн байна.

    2024 оны байдлаар зорилтын хэрэгжилтийг үнэлэхэд хүлэмжийн хийн ялгарал суурь нөхцөлтэй харьцуулахад 2.9 сая тонн CO2 эквивалентаар буурчээ. Энэ нь 2024 оны зорилттой харьцуулахад 39.7 хувийн биелэлттэй байна. Хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад эрчим хүчний салбар голлох нөлөө үзүүлж байгаа хэдий ч хэрэгжилтийн хувь хэмжээ зорилтоос доогуур хэвээр буйг тус тайланд онцолсон.

    Харин хөдөө аж ахуйн салбарт хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах зорилт төдийлөн амжилттай бус байна. Тухайлбал, 2020-2023 онд малын тоо толгой өссөн нь хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад сөргөөр нөлөөлсөн. Малын тоо толгойг бууруулж, бэлчээрийн даацыг зохих хэмжээнд байлгаснаар 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 23.4 хувиар бууруулах боломжтой гэж тооцоолжээ.

    Харин ойн салбарт мэдэгдэхүйц ахиц дэвшил гарч, 2024 оны байдлаар зорилтын хэрэгжилт 47.2 хувийн биелэлттэй буй.

    Цаашид зорилтыг бүрэн хэрэгжүүлэхэд үндэсний тодорхойлсон хувь нэмрээр дэвшүүлсэн зорилт арга хэмжээг үндэсний болон салбаруудын хөгжлийн бодлого төлөвлөгөөтэй бүрэн уялдуулах шаардлагатайг тайланд дурдсан. Мөн оролцогч талуудын мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, оролцоог хангах зэрэгт анхаарах нь чухал байгааг онцолжээ.

    Монгол Улс 2016 онд баталсан Парисын хэлэлцээрээр 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг суурь нөхцөлтэй харьцуулахад 22.7 хувиар бууруулах зорилт дэвшүүлсэн. Харин шингээлтийг нэмж тооцох болон зарим нэг нөхцөлт арга хэмжээг хэрэгжүүлснээр нийт дүнгээр 44.9 хувь хүртэл бууруулах зорилт тавиад байгаа юм. 

    Cэтгэгдэл бичих