
Зургийг: mrt.gov.mn
Оны эхний 11 сарын байдлаар олон улсад нийт 1.8 сая зорчигч тээвэрлэснийг Иргэний нисэхийн ерөнхий газраас мэдээллээ. Энэ нь цар тахлын өмнөх үе буюу 2019 онтой харьцуулбал 68 хувиар өссөн үзүүлэлт юм.
Тайлант хугацаанд дотоодын агаарын тээвэрлэгч “МИАТ” ТӨХК, “Аэромонголиа”, “Хүннү Эйр” гэсэн гурван компани зах зээлийн 58 хувийг бүрдүүлсэн бол гадаадын 14 компани үлдсэн 42 хувийг эзэлжээ.
“МИАТ ТӨХК”-ийн хувьд 2025 онд 4500 нислэгээр 1.3 сая зогчигч тээвэрлэж, нэг их наяд төгрөгийн орлоготой ажиллахаар төлөвлөж байгааг тус компанийн Гүйцэтгэх захирал асан Б.Мөнхтамир мэдээлж байсан. Түүнчлэн энэ онд Шанхай, Хөх Хот, Эрээн, Сингапур гэсэн дөрвөн чиглэлд шинээр нислэг үйлдэж эхлэхийг тодотгосон.
Энэ оны эхний 11 сарын байдлаар олон улсын нислэг дундаа Сөүл чиглэлийн нислэгээр ирсэн, явсан нийт зорчигчийн тоо хамгийн их буюу нийт 602,000 дөхсөн бол Бээжин чиглэлийн зорчигч 289,000 хүрснийг Иргэний нисэхийн ерөнхий газраас онцолсон юм.
Харин 12 дугаар сард олон улсад тогтмол хийгдэж буй нислэгүүдээс Франкфурт, Истанбул, Бээжин, Хөх Хот, Хонконг, Сөүл болон Токио чиглэлийн нислэгүүд хамгийн эрэлттэй байгааг МИАТ ТӨХК-иас мэдээлсэн. Хамгийн эрэлттэй эдгээр чиглэлд нислэгийн үнийг харьцуулбал Улаанбаатараас Бээжин чиглэлд нисэх нэг талын тасалбарын үнэ 1.9 сая төгрөг байгаа бол Хонконг чиглэлд 1.8 сая төгрөг орчимд буйг “Airmarket”-ийн үнийн мэдээлэл харуулж байна.