
Зургийг: Qilai Shen/Bloomberg
БНХАУ-ын чип үйлдвэрлэгчид IPO хийх нь улам нэмэгдэж, тус улсын хиймэл оюуны салбарт тэргүүлэх байр суурь эзэлж, технологийн хувьд хараат байдлаа бууруулах зорилтын гол түлхүүр болсон санхүүжилтийг төвлөрүүлж байна. Энэ оны хоёр томоохон IPO нь ирээдүйд “Nvidia”-тай өрсөлдөхүйц түвшинд хүрэх боломжтой үндэсний аваргуудын хувьцааны эрэлт өндөр түвшинд буйн дохио болсон юм.
Тухайлбал, 12 дугаар сарын эхээр хиймэл оюуны чип үйлдвэрлэгч “Moore Threads Technology”-ийн хувьцааны ханш Шанхайн биржид бүртгүүлсэн арилжааны эхний өдөртөө 425 хувиар өссөн бол MetaX компанийн хувьцааны ханш 693 хувийн өсөлт үзүүлжээ.
Хувьцаагаа биржид бүртгүүлэхээр зорьж буй Хятадын хиймэл оюуны чип үйлдвэрлэгчдээс онцолбол 2019 онд байгуулагдсан “Biren Technology”-ийг дотоодын компаниудаас хамгийн ирээдүйтэй гэж шинжээчид үзэж байна. Тус компани 600 сая ам.доллар татан төвлөрүүлэх зорилгоор энэ сарын эхээр Хонконгийн хөрөнгийн биржид бүртгүүлэх хүсэлтээ гаргасан.
Түүнчлэн “Baidu”-ийн хиймэл оюуны чипийн нэгж болох Kunlunxin нь Хонконгт IPO хийж магадгүй байгаа. Тус компанийн зах зээлийн үнэлгээ нь одоогоор гурван тэрбум ам.доллароор хэмжигдэж буй.