
Зургийг: Bloomberg TV Mongolia
- Эн тэргүүнд Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын худалдаа, тээврийн бодлого сэдэвт сургалт зохион байгуулагдлаа. Монгол Улсын хувьд тулгамдаж буй ямар гол асуудлуудыг хэлэлцсэн бэ?
- Аливаа далайд гарцгүй орнуудын хувьд ялангуяа Монголын хувьд экспортын өрсөлдөөн томоохон сорилтуудын нэг болдог. Экспортын тал дээр өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхийн тулд бүтээгдэхүүнээ зорилтот зах зээлүүддээ хэрхэн хүргэхийг, мөн тээвэр логистикийн өртгийн тал дээр маш сайн ойлголттой байх нь зүйтэй. Далайд гарцгүй улсуудад тулгамддаг хамгийн гол сорилтуудын нэг нь зардал юм. Мэдээж танай улсад энэ үйл явц хэрхэн өрнөж буйг та бүхэн мэдэж байгаа. Гэхдээ дамжин өнгөрч буй улсуудад хэрхэн явагддагийг сайн мэдэхгүй шүү дээ. Тиймээс бид энэхүү сургалтынхаа хүрээнд худалдаа, тээврийн зардал зэргийг үнэлж, нарийн тооцоолох арга зүйг хуваалцаж байна.
- Энэхүү уулзалт нь 10 жилд нэг удаа зохион байгуулагддаг гэж та түрүүн дурдсан. Тэгвэл ирэх 10 жилийн төлөвлөгөөний хувьд өмнөхөөсөө өөрчлөлт орсон байх? Ямар ялгаа гарсан бэ?
- Аливаа улс далайд гарцгүй байна гэдэг нь үргэлж сорилт дагуулдаг. Яагаад гэвэл экспортын гол зах зээлтэйгээ холбогдож чадахгүй байгаа нь өрсөлдөх чадварыг нь бууруулдаг. Тэгэхээр Авазагийн үйл ажиллагааны хөтөлбөрийн гол төлвлөгөөнд гишүүн улсуудаадын тодорхой үүрэг амлалтыг тусгаж өгсөн байдаг. Үүнийг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга болоод дамжин өнгөрөх улсууд ч мөн даган мөрдөж, хэрэгжүүлэх ёстой. Тэдгээр орон нь далайд гарцгүй улсуудаас гарч, бас орж ирж буй бараа бүтээгдэхүүнүүдийн урсгалыг хөнгөвчлөх үүрэгтэй юм. Учир нь худалдааны энэхүү үйл явцыг хөнгөвчлөхгүй бол далайд гарцгүй орнуудын бараа бүтээгдэхүүний үнэ далайд гарцтай орнуудтай харьцуулахад бараг 2-3 дахин өндөр болж болзошгүй гэсэн олон судалгаа байдаг.
- Монгол Улсын тухайд илүү тодорхой асуумаар байна. Далайд гарцгүй орны хувьд тээвэрлэлтийн зардал өндөр, хил гааль дээрх баримт бичиг шалгах үйл явц нарийн, мөн дамжин өнгөрөх орны зохицуулалт зэрэг гол сорилттой тулгардаг. Энэ нь дэлхийн худалдааны зах зээл дэх Монголын өрсөлдөх чадварт хэрхэн нөлөөлж байгаа вэ?
- Тэгэхээр үнэлгээний үүднээс авч үзвэл, хамгийн эхний гол санаа бол бид суурь зардлаа мэдэх хэрэгтэй юм. Дараа нь энэ зардлын нарийн задаргааг мэдэх шаардлагатай. Мөн ямар шалтгаанаар саатал гараад байгаа нь чухал учраас дэлгэрэнгүй мэдээллийг мэдэж байх хэрэгтэй. Хүмүүс ихэнхдээ гомдолох дуртай байдаг. Гэхдээ бодит тоонуудыг асуухад хариултыг бусдаас эрдэг. Учир нь цуглуулж хадгалсан мэдээлэл байдаггүй. Бид хийж байгаа энэ ажлынхаа хүрээнд Монгол Улс, Монголын Засгийн газар, хувийн хэвшил болон академик салбарт энэ тоог хэрхэн тооцох, үнэлэх аргачлалыг бий болгоход тусалж байна. Ингэснээр ямар процессын аль хэсэгт зардлыг бууруулах боломжтой, ямар хэсэгт саатлыг багасгах боломжтойг тодорхойлж болно.
- Тэгвэл Монгол Улсад ямар төрлийн шийдлүүд, ялангуяа дижиталчлалыг бид нэвтрүүлж, нэн тэргүүнд хэрэгжүүлэх боломжтой гэж та харж байна вэ?
- Тэгэхээр дижиталчлал нь маш чухал. Гэхдээ дижиталчлалд шилжихийн өмнө процессыг болон юу болж байгааг маш тодорхой ойлгох хэрэгтэй. Энэ сургалтаас бидний харсан зүйл гэвэл, дэд бүтцийн асуудал, ялангуяа хил дээр маш том асуудал байгаа нь харагдсан. Үүнийг бодит байдалд ч, Замын-Үүд дэх түгжрэлийн хувьд ч харж болно. Энэ бол эхний санаа. хоёрдугаарт, бид дэд бүтцийн асуудал байгааг мэднэ. Гэхдээ энэ асуудалтай хамт хилээр гарах процедурын бэрхшээлүүд ч байна. Энэ нь хил дамжих явцыг хүндрүүлж байдаг. Шинэ дэд бүтэц байгуулсан ч хангалттай байж чадахгүй байж магадгүй гэдгийг харуулж байна. Учир нь хууль зохицуулалт нь тухайн дэд бүтэцдээ нийцэхгүй байж болно. Энэ нь зөвхөн Монголын талаас харж байгаа асуудал. Бид бас БНХАУ-ын талд ямар бэрхшээлүүд байгааг ойлгох хэрэгтэйг мартаж болохгүй. Учир нь гол зорилго нь хоёр улсын хооронд саадгүй тээвэрлэлтийг хэрхэн хангах вэ гэдэгт оршиж байна. Энэ нь зөвхөн улс хооронд тохиролцоо хийж, “тийм ээ, одоо дамжих боломжтой” гэж хэлэхээс илүү, бодитойгоор ажиллаж байгааг баталгаажуулах явдал юм. Баталгаажуулалт хийх нь үнэхээр чухал асуудал.
Нарийн ширийн зүйл дээр л асуудал гардаг. Даатгал, жолоочийн зөвшөөрөл, шаардлагатай баримт бичиг гээд бүгд худалдаа, тээврийн үйл ажиллагааг хөнгөвчлөхөд хэрэгтэй. Процессыг тодорхой, ойлгомжтой болгосноор дижиталчлал илүү үр нөлөөтэй болж, цаас ашигладаг баримт бичиг шаардлагагүй болно. Нэмж хэлэхэд, хэрэв дижиталчлах гэж байгаа бол бүрэн дижитал байх ёстой. Энэ нь зөвхөн цаас хэрэглэхээ болино гэсэн үг биш, харин хүнтэй харьцах шаардлагагүй болох ёстой гэсэн үг. Өөрөөр хэлбэл бүх зүйл цахимаар хийгдэх ёстой. Учир нь хүмүүс хоорондоо уулзсаар байвал саатал гарах боломж хэвээр үлдэнэ. Тиймээс бүх процессыг системээр, цахимаар гүйцэтгэх шаардлагатай.
- Хэзээнээс дижиталчлалыг нэвтрүүлэхэд бэлэн болно гэж та бодож байна вэ?
- Энэ семинарын үеэр Монголын холбогдох байгууллагуудын мэдээлэл, танилцуулгыг харахад дижиталчлалын үйл явц 2027 оноос эхлэх төлөвтэй байна. Тиймээс аз таарвал хоёр жилийн дараа бүрэн дижитал болох боломжтой.
- Далайд гарцгүй орнуудад тулгардаг сорилтуудыг даван туулахын тулд таны өмнө дурдсан бүс нутгийн хамтын ажиллагаа зайлшгүй шаардлагатай. Монгол Улс дэлхийн нийлүүлэлтийн сүлжээнд нэгдэж орохын тулд бүс нутгийн хамтын ажиллагаа болон хил дамнасан шинэчлэлүүдийг ямар байдлаар ашиглах боломжтой гэж та бодож байна вэ?
- Тийм ээ. Миний үзэж байгаагаар бүс нутгийн хамтын ажиллагааны эхний алхам бол хөрш орнуудтайгаа тогтмол харилцах, мэдээлэл солилцох явдал. Энэ бол эхлэх цэг. Хэрэв Монгол Улс, БНХАУ хоёр мэдээлэл солилцох боломжтой болвол хил дээрх ажиллагааг хэрхэн уялдуулах вэ гэдэгт анхаарлаа хандуулж эхэлж болно. Үүнийг хамгийн энгийн зүйлээс эхлүүлж болно. Жишээлбэл: хил нээгдэх, хаагдах цагийн хуваарийг уялдуулах. Одоогоор бидний сонссоноор зарим албан хаагч амралтын өдрүүдэд ажилладаггүй. Гэтэл худалдааны орчинд амралтын өдөр гэж байдаггүй. Худалдаа зогсдоггүй. Тиймээс эдгээр бүх зүйлс илүү сайн зохицуулалт, мэдээллийг тогтмол солилцох нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэх ёстой. Ингэснээр мэдээллийг урьдчилан илгээх, хил нэвтрэлтийг хоёр улсын хооронд илүү саадгүй болгох боломж бүрдэнэ.