logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    Төв Азийн шинэ “бар” эдийн засаг Киргиз улсад өсөн бүрэлдэж байна
    Evgenia Pismennaya
    Yuliya Fedorinova
    Нийтэлсэн огноо: 2025 оны 12 сарын 21 22:23
    1012

    Киргиз улсын Төв банкны тэргүүн Мелис Тургунбаев

    2025 оны 12 дугаар сарын 17

    (Bloomberg) -- БНХАУ, Казахстаны дунд хавчуулагдсан жижигхэн Киргиз улс реэкспорт, гадаад гуйвуулга болон аялал жуулчлалын салбарынхаа хурдтай тэлэлтэд дөрөөлөн гадаадын нэн чухал хөрөнгө оруулалт татаж, Төв Азийн бүсийн шинэ “бар” эдийн засагтай улс болох сууриа бэлдэж байна. 

    Сүүлийн гурван жил дараалан дотоодын нийт бүтээгдэхүүн нь 9-өөс дээш хувиар өссөн Киргизийн эдийн засаг энэ онд 10 хувь давж тэлэх төлөвтэй гэж тус улсын Төв банк мэдээлж байна. Аялал жуулчлалын тэсрэлт, барилга бүтээн байгуулалт, дотоодын хэрэглээний өсөлт болон БНХАУ-аас Киргизээс дамжин хөрш улсууд руу нь гардаг бараа бүтээгдэхүүний реэкспорт нь өсөлтийн тэргүүн хөдөлгөгч хүч болж буйг Киргизийн Төв банкны тэргүүн Мелис Тургунбаев өгүүлжээ. 

    Олон Улсын Валютын Сангийн төсөөллөөр дунд хугацаанд Киргизийн өсөлт удааширч, жилийн дундаж өсөлт нь дараагийн таван жилд ойролцоогоор 5 хувьд тогтворжихоор байна. Киргиз нь БНХАУ-аас гадна хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд хамт байсан Казахстан, Узбекистан, Тажикистан улсуудтай хиллэдэг. 2022 онд ОХУ Украинд халдан довтолсны дараа тавигдсан хориг арга хэмжээнүүдийн улмаас худалдааны урсгал өөрчлөгдөж, дээрх хөрш орнууд импорт, экспорт, төлбөр тооцооны зуучлагчийн үүрэг гүйцэтгэх болсон нь эдийн засгийн өсөлтөд дэм өгчээ.

    “Сүүлийн жилүүдэд болсон геополитикийн үйл явдлуудаас бүс нутгийн худалдааны бүтэц эрс өөрчлөгдсөн. Манай улс илүү идэвхтэйгээр бүс нутгийн болон олон улсын худалдааны нэг хэсэг болж байна” хэмээн Тургунбаев 12 дугаар сарын 9-нд Бишкек хотод ярилцлага өгөхдөө хэлж байсан юм. 

    446267823.jpg

    Хятад-Киргиз-Узбекистаны төмөр зам, Нарын гол дээрх “Камбарата-1” усан цахилгаан станц зэрэг дэд бүтцийн томоохон төслүүд нь мөн эдийн засгийг дэмжиж, гадаадын хөрөнгө оруулалт татаж байгааг Тургунбаев онцолжээ. Төмөр замын холболт нь Киргизийн логистикийн нөөц боломжийг эрс нэмэгдүүлэх бол шинэ УЦС ашиглалтад орсноор тус улс эрчим хүчний экспортлогч улс болох аж. Энэхүү хоёр төслийн нийт өртөг нь 10 тэрбум ам.доллароор хэмжигдэж байна. 

    7.3 сая хүн амтай Киргиз улс энэ онд анх удаа евробонд арилжаалж, 700 сая ам.доллар босгосноор олон улсын хөрөнгө оруулагчдад гараа дэлгэж буй Төв Азийн орнуудын тоог нэгээр нэмжээ. 2030 оны зургаадугаар сард хугацаа нь дуусах Засгийн газрын бондынх нь ханш өнгөрсөн долоо хоногт тавдугаар сард анх арилжаалагдаж эхэлснээсээ хойших дээд түвшинд хүрч, хөгжиж буй орнуудын ам.долларын бондууд дундаас өсөлтөөрөө тэргүүлэгчдийн нэг болсон байна. 

    Хэдий тус улсын худалдааны гол түнш нь БНХАУ болсон ч Киргизчүүдийн олноороо очиж хөдөлмөр эрхэлдэг ОХУ-аас эдийн засгийн өндөр хамааралтай хэвээр байна. Нэгдүгээр сараас есдүгээр сарын хооронд цагаач иргэдийн эх орон руугаа шилжүүлсэн нийт гуйвуулгын дүн 16.4 хувиар өсөж, 2.6 тэрбум ам.долларт хүрсэн бөгөөд тэдгээрийн бараг 93 хувь нь ОХУ-аас ирснийг Киргизийн Төв банк мэдээлж байна. 

    Киргиз, Казахстан нь Москвагийн тэргүүлсэн чөлөөт худалдааны эвслийн гишүүд тул  БНХАУ-аас ОХУ руу гардаг бараа бүтээгдэхүүн ихэвчлэн Киргизээр дамжиж байгаа аж. “Мөн Оросоос ирэх жуулчдын тоо огцом өсөж, урьд урьдынхаас хамаагүй олон болсон нь эдийн засагт ашгаа өгч байна” хэмээн Тургунбаев мэдээлсэн.

    Гэхдээ бүхэлдээ үр ашигтай юу гэвэл үгүй. ОХУ-аас авах импортоор өдөөгдсөн хэрэглээний үнийн өсөлт 8 хувь давснаар Төв банк нь 11 дүгээр сард бодлогын хүүгээ 1 нэгж хувиар өсгөж, 11 хувьд хүргэх шаардлагатай болжээ. Үнийн өсөлтийн дийлэнх нь ОХУ-аас оруулж ирдэг шатахууны өртөг нэмэгдсэнтэй холбоотойг Тургунбаев хэлж байна.

    Москвад тавигдсан хориг арга хэмжээнүүд Бишкект ч бас нөлөөлж буй. “Оросын олон банк хоригт орсноор төлбөр тооцоо гүйцэтгэхэд улам хүндрэлтэй болсоор байгаа” хэмээн тэрбээр дурдсан.

    БНХАУ, ОХУ хооронд тэнцвэрээ хадгалах, бүс нутгийн илүү том зах зээлтэй Узбекистан, Казахстан зэрэг улсуудтай хөрөнгө оруулалтын төлөө өрсөлдөх нь Киргиз улсад тулгарах гол сорилтууд болж байна. Киргизийн эдийн засгийн төлөв нь “геополитикийн үйл явдлаас өндөр хамааралтай хэвээр” гэж ОУВС дүгнэсэн байна.

    Одоохондоо Киргиз улс алт нөөцлөх замаар гадаад шокоос эдийн засгаа хамгаалж байна. Төв банкны алтны нөөц нь 12 дугаар сарын 1-ний байдлаар түүхэн дээд буюу 8.3 тэрбум ам.доллартой тэнцэж, нийт нөөцийнх нь 70 хувийг дангаараа хангах болсныг Тургунбаев мэдээллээ. Дэлхийн Алтны Зөвлөлийн мэдээллээс харвал тус улсын Төв банкны биет алтны нөөц 2023 оноос хойш хоёр дахин өсөж, III улирлын байдлаар 40.7 тонноор хэмжигджээ. Харьцуулбал 2024 онд тус улс 24 тонн орчим алт олборлосон байна.

    Түүнчлэн Киргиз улс өнгөрсөн аравдугаар сард 1000 тонны багтаамжтай алт хадгалах байгууламж нээжээ. Ингэснээр тус улс зөвхөн өөрсдийн нөөцөө аюулгүй хадгалаад зогсохгүй гадаад түншүүддээ ижил үйлчилгээ санал болгох боломжтой болсныг Киргизийн Ерөнхийлөгч Садыр Жапаров онцолж байсан юм.

    Cэтгэгдэл бичих