
Зургийг: parliament.mn
Төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг 2026-2028 онд биржээр олон нийтэд нээлттэй худалдах, төрийн өмчийг хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг өргөн мэдүүллээ.
Ингэснээр 18 төрийн өмчит компани, үйлдвэрийн газруудын төрийн мэдлийн 10-66 хүртэлх хувийн хувьцааг олон нийтэд хөрөнгийн биржээр дамжуулан санал болгон, худалдахаар байгаа. Тэр дундаа найман төрийн өмчит компанийн хувьцааг бүхэлд нь худалдах, долоон төрийн өмчит компани, үйлдвэрийн газруудыг нэгтгэх, нийлүүлэх, бүтцийн өөрчлөлт хийх саналыг тогтоолын төсөлд тусгажээ.
2025 оны байдлаар нийт 101 төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компани, үйлдвэрийн газрууд байгаа. 2024 оны дүнгээр эдгээр газрын нийт хөрөнгө 59.4 их наяд төгрөг буюу ДНБ-ий 74.3 хувьтай дүйцэж байна. Түүнчлэн нийт өр төлбөр нь 22.9 их наяд төгрөг буюу ДНБ-ий 28.6 хувьтай тэнцэж буй.
Тухайлбал, Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц төрийн өмчит хувьцаат компанийн хувьд 2024 онд өр төлбөрийн нийт дүн нь 453.4 тэрбум төгрөгт хүрсэн талаар цахим хуудсандаа мэдээлж байсан. Мөн “Багануур ХК”-ийн богино болон урт хугацаат өр, төлбөр 2025 оны эхний хагас жилийн байдлаар 250.2 тэрбум төгрөгт хүрснийг Монголын хөрөнгийн биржид хүргүүлсэн тайлангаас нь харж болох юм.