logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Ногоон хөгжил
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Есүйхулан
    НҮБХХ: Монголын эрчим хүчний эх үүсвэрийн үйлдвэрлэлд $16 тэрбум хүртэлх хөрөнгө оруулалт шаардлагатай
    Нийтэлсэн огноо: 2025 оны 12 сарын 19 09:59
    349

    Зургийг: energy.gov.mn

    Монгол Улс уур амьсгалын санхүүжилтийн 40 хувийг эрчим хүчний салбарт зарцуулжээ

    Монгол Улсад зөвхөн эрчим хүчний эх үүсвэрийн үйлдвэрлэлд 2025-2035 онд нийт 7.9-16 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатайг НҮБ-ийн Хөгжлийн хөтөлбөр "Тэгш хүртээмжтэй эрчим хүчний шилжилтийн хүрээ" тайландаа дурдсан байна.

    Монгол Улсын эрчим хүчний шилжилтэд 2035 он хүртэл 10-16 тэрбум ам.доллар шаардлагатай гэж тооцоолсон. Энэ нь улсын төсөв, олон улсын хөнгөлөлттэй санхүүжилт, хувийн хөрөнгө оруулалтаас бүрдэх аж. Тайланд дурдсанаар эрчим хүчний эх үүсвэрийн 90-ээс дээш хувь нь нүүрсний эх үүсвэр байгаагаас гадна насжилт хэтэрсэн станцууд үйл ажиллагаа явуулсаар байгаа нь гол сорилт болж байна.

    Эдгээр тооцоолол нь сүүлийн үед хийгдсэн бусад судалгаатай нийцэж байгааг НҮБ-ийн Хөгжлийн Хөтөлбөрөөс онцолсон. Тухайлбал, НҮБ-ын Ази, номхон далайн бүсийн эдийн засаг, нийгмийн комисс 2030 он хүртэл Монгол Улсын эрчим хүчний салбарт 11.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай гэж тооцоолсон. Үүний 80 хувийг олон улсын эх үүсвэрээс бүрдүүлэхээр буй тул хөнгөлөлттэй санхүүжилт, түншлэл онцгой чухал гэдгийг тодотгосон юм.

    Тиймээс тэгш хүртээмжтэй эрчим хүчний шилжилтийг хэрэгжүүлэхэд санхүүжилт болон нөөц бүрдүүлэх стратеги талдаа олон улсын хөнгөлөлттэй сан, дотоодын олон нийтийн санхүүжилт, хувийн хөрөнгө оруулалт, холимог санхүүжилтийн хэрэгслүүдийг хослуулах хэрэгтэйг дурджээ.

    Монгол улс 2024 онд 2.86 тэрбум кВт.ц цахилгаан эрчим хүч импортолсон нь 2023 онтой харьцуулахад 17 хувиар өссөн үзүүлэлт болсон. Эрчим хүчний эх үүсвэрийн суурилуулсан хүчин чадлаар тооцоолоход “Бөөрөлжүүтийн цахилгаан станц” сүлжээнд 300 мВт, “ТЭЦ-4” 720 мВт, “ТЭЦ-3” 120 мВт, импортоор 16 орчим мВт эрчим хүч нийлүүлдэг. Салхин цахилгаан станцууд бүрэн хүчин чадлаараа ажиллавал 150 мВт эрчим хүч үйлдвэрлэдэг. Гэхдээ 40-60 мВт-ийг л сүлжээнд нийлүүлж байна. 2025 оны байдлаар 681 сая ам.долларын өртөг бүхий эрчим хүчний найман төсөл, арга хэмжээ гадаадын зээлээр хэрэгжиж байгаа. Шинээр ашиглалтад орох эх үүсвэрүүдээс харвал, 2026 онд Сэлэнгэ аймгийн төвд 70 мВт дулааны цахилгаан станц ашиглалтад орно. Мөн 2027-2028 онд Баянгийн 660 мВт цахилгаан станц, 2028-2029 онд Бөөрөлжүүтийн цахилгаан станц дахин 300 мВт эрчим хүч үйлдвэрлэхээр байна.

    Үүнээс гадна санхүүгийн хувьд засвар үйлчилгээ, түлшний татаасны зардал нэмэгдэхийн хэрээр улсын төсөвт дарамт учруулж буй. Мөн нүүрснээс хэт хамааралтай байгаа нь эрчим хүчний системийг дэлхийн зах зээл, бодлогын өөрчлөлтөд хэт өртөмтгий болгож байгааг тайланд тодотгожээ.

    Cэтгэгдэл бичих