
Зургийг: parliament.mn
Монголбанкны Ерөнхийлөгчөөр С.Наранцогтыг томилох саналыг УИХ-ын гишүүдийн олонхийн саналаар дэмжлээ.
Ингэснээр хуульд заасны дагуу зургаан жилийн хугацаанд Төв банкийг удирдахаар болж байна.
Шинээр томилогдож буй Төв банкны Ерөнхийлөгч үнийн өсөлтийг хязгаарлах, төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг хангах, зээлийн хүүг бууруулах, төсөв мөнгөний бодлогын уялдааг сайжруулахад төвлөрч, зээлдэгчдийн эрх ашгийг хамгаалах, банк санхүүгийн салбар болон ипотекийн зээлийн бодлогыг сайжруулах зэрэгт онцгой анхаарах шаардлагатай байгааг УИХ-ын гишүүд онцолсон юм.
С.Наранцогтын хувьд эдийн засагч, санхүүч, менежерийн туршлагадаа үндэслэн гурван тулгуурт бодлого хэрэгжүүлэхээ мэдэгдсэн. Засгийн газар Төв банкны хараат бус байдалд нөлөөлж байгааг эдийн засагчид ихээхэн шүүмжилдэг. Дараагийн тэргүүний хувьд Төв банкийг Засгийн газрын “касс” болгохгүй, төсвийн бодлогын алдааг засдаг эдийн засгийн өсөлтийг тэтгэх мэргэжлийн стратегийн түнш байх түвшинд хүргэхийг зорино гэдгээ онцолжээ.
Түүний богино хугацаанд авч хэрэгжүүлэх ажил бол репо санхүүжилт болон бусад хэрэгслийг аль нэг банк, эсвэл салбарт зориулан тусгайлан хуваарилдаг байдлыг бүрэн хална. Мөн валютын гарах урсгалыг нэмэгдүүлж буй тансаг болон импортын хэрэглээний зээлийг бодлогын хүү өсгөхөөс бусад хэрэгслүүдээр хязгаарлана.
Төгрөгийн үнэ цэнийг хамгаалахын тулд субьектив шийдвэр гаргах бус дүрэм судалгаанд суурилахыг гол зарчмаа болгоно гэдгээ онцолж байна. Инфляц энэ оны турш Төв банкны зорилтот интервалиас дээгүүр, бодлогын хүү 2022 оны хоёрдугаар хагасаас хойш 10 хувиас дээш түвшинд хадгалагдаж байна.
Энэ онд ургац хураалт тааруу байснаас шалтгаалан хүнсний ногооны үнэ өсөх, махны үнэ улирлын хандлагаа даган буураагүй зэрэг нь хүнсний инфляцыг эрчимжүүлж байна. Мөн ирэх оноос багш эмч нарын цалингийн өсөлт, тэтгэвэр, тэтгэмжийн нэмэгдэл, валютын ханшийн төлөв болон нийлүүлэлтээс шалтгаалсан үнийн өөрчлөлт зэрэг инфляцыг өдөөх олон эрсдэл байгаа юм.