
Зургийг: Matt Jelonek / Bloomberg
Хөнгөн цагаан үйлдвэрлэгч Rusal компаниас Rio Tinto группийн эсрэг гаргасан 1.32 тэрбум ам.долларын дүнтэй нэхэмжлэлийг ОХУ-ын Калининград мужийн арбитрын шүүх хэлэлцэж, нэхэмжлэгчийн талд шийдвэр гаргаад байгаа. ОХУ-ын шүүхээс дотоодын компанийн талд гаргасан энэхүү шийдвэрийг Rio Tinto хүлээн авахгүйгээ мэдэгдэж, эрх бүхий шүүх хэдийнээ эцсийн шийдвэрийг нь гаргачихсан хууль зүйн асуудлыг дахин хэлэлцэх зохисгүй гэж үзжээ.
Rusal нь Австралийн Квинсланд муж дахь хөнгөн цагааны оксидын үйлдвэрийн 20 хувийг эзэмшдэг байсан ч Украины дайн эхэлсний дараа Австрали улс ОХУ-д хориг тавьснаас шалтгаалж хувь эзэмших эрхээ алдсан юм. Улмаар тус үйлдвэрийн 80 хувийг эзэмшдэг Rio Tinto компанид бүрэн хяналт очсон тул Rusal эзэмшлийн хувиа эргүүлэн авахаар 2024 онд Австралийн шүүхэд хандсан ч ялагджээ.
“Австрали улсын тавьсан хоригийг хууль ёсны дагуу хэрэгжүүлсэн гэж Австралийн шүүхээс дүгнэлт гаргачихсан асуудалд Rusal нь нөхөн төлбөр авах эрхтэй гэж үзэж байна. Бид ОХУ-д болсон хянан шийдвэрлэх ажиллагаа нь хууль шүүхийн үйл ажиллагааг буруу зорилгоор ашигласан гэж үзэж, хүлээн зөвшөөрөхгүйгээ мэдэгдэж байна. Цаашид бид энэ асуудалд байр сууриндаа бат зогсож, өөрсдийн эрх болон хөрөнгүүдийг хамгаалахад шаардлагатай бүх алхмыг хэрэгжүүлэх болно” хэмээн Rio Tinto компани Reuters агентлагт өгсөн мэдэгдэлдээ дурджээ.
Оюутолгойд хамаарах уу?
Хөнгөн цагааны үйлдвэрийн эзэмшлийнхээ хариуд Rusal компани Rio Tinto болон охин компаниудаас нь 104 тэрбум рубльтэй (1.32 тэрбум ам.доллар) тэнцэх нөхөн төлбөр нэхэмжилж буй. Калининградад 12 дугаар сарын 10-нд хаалттай хэлбэрээр явагдсан шүүх хуралд “Oyu Tolgoi Netherlands BV”, “THR Oyu Tolgoi Ltd” зэрэг Австрали дахь хөнгөн цагааны үйлдвэртэй хамааралгүй компаниудыг хариуцагчаар нэрлэсэн болохыг “Коммерсант” сонин мэдээлжээ. Нидерланд, Британийн Виржин арлуудад бүртгэлтэй дээрх хоёр компани нь “Оюутолгой” төслийн 66 хувийг эзэмшдэг Turquoise Hill Resources-ийн охин компаниуд юм.
ОХУ-ын нэр бүхий компани Rio-г шүүхэд өгч, нөхөн төлбөрт нь Оюутолгойд эзэмших хувийг нь авах санал тавьсныг Сангийн Сайд асан С.Баярцогт өнгөрсөн долоо хоногт УИХ-ын Хянан шалгах хорооны Оюу Толгойн нээлттэй сонсголын үеэр хэлж байв. Хариуцагч талуудын нэрсээс харвал Rusal хөнгөн цагааны үйлдвэрийн хувиа буцааж авч чадахгүй бол оронд нь Оюутолгойд хувь эзэмшихийг оролдохоор зорьж байх талтай.
Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний 10 болон 12 дугаар зүйлд Монголын Засгийн газрын зөвшөөрөлгүйгээр төслийн хувь эзэмшилд өөрчлөлт оруулж, эсвэл шилжүүлбэл гэрээг дуусгавар болгох тухай тусгасан байдаг. Дашрамд дурдахад өмнө нь Rio Tinto компани БНХАУ-ын Chinalco-оос хувьцаагаа буцаан авахын тулд Оюутолгой төсөлд хувь эзэмшүүлэх санал тавьж магадгүй гэсэн мэдээлэл гарч байсан юм.