
Зургийг: Qilai Shen/ Bloomberg
(Bloomberg) -- БНХАУ-ын чип үйлдвэрлэлийн "MetaX Integrated Circuits Shanghai" компанийн хувьцааны ханш IPO хийсэн өдөртөө огцом өсөж, энэ сарын эхээр хувьцаагаа нээлттэй санал болгосон өрсөлдөгч "Moore Threads Technology" компанийн амжилтыг давтлаа.
Анхдагч зах зээлийн арилжаагаар 585.8 сая ам.долларын хөрөнгө татан төвлөрүүлсэн тус компанийн хувьцаа лхагва гарагт Шанхайн биржид 755 хүртэлх хувиар өсжээ. Ингэснээр MetaX компанийн IPO БНХАУ-д сүүлийн 10 жилийн хугацаанд хийгдсэн 500 саяас нэг тэрбум ам.долларын дүнтэй IPO-нуудаас хамгийн өндөр гүйцэтгэлтэйд тооцогдож байна.
Moore Threads болон MetaX компаниуд нь хиймэл оюуны хөгжүүлэгчдэд нийлүүлэх график боловсруулах нэгж (GPU) үйлдвэрлэдэг. Хэрэглэгчид, бизнесүүд хиймэл оюуны үйлчилгээг өргөнөөр нэвтрүүлэх тусам GPU үйлдвэрлэлийн салбар асар хурдтай тэлж байгаа. Энэ салбарт дэлхийд тэргүүлдэг Nvidia компанитай өрсөлдөх боломжтой дотоодын үйлдвэрлэгчид гарч ирнэ гэдэгт Хятадын хөрөнгө оруулагчид өндөр найдлага тавьж буй нь Moore Threads, MetaX-ийн амжилтаас харагджээ.
MetaX компанийн IPO-оор жижиг хөрөнгө оруулагчдад хуваарилсан хувьцаанд захиалга нь нийлүүлэлтээсээ 2,986 дахин давсан байна. Харин Moore Threads компанийн хувьцаанд ирсэн захиалга 2,750 дахин илүү байсан аж.