
Зургийг: С.Батсайхан
Арилжааны банкнуудын олгосон зээлийн үлдэгдэл сүүлийн хоёр жилийн хугацаанд хоёр дахь удаагаа буурсан үзүүлэлттэй гарлаа.
ҮСХ-ны 11 дүгээр сарын тайланд арилжааны банкнуудын олгосон зээлийн үлдэгдэл өмнөх сараас 0.8 хувиар буурсныг мэдээлсэн. 2023 оны долдугаар сараас хойш зээлийн үлдэгдлийн хэмжээ 2 удаа буурсан үзүүлэлттэй гарч байсан бөгөөд өмнөх нь энэ оны наймдугаар сард тохиож байв.
ААН болон иргэдэд олгосон зээлийн үлдэгдэл 11 дүгээр сарын эцэст 43.4 их наяд төгрөг болж буурсан. Үүний дийлэнх хэсгийг бүрдүүлсэн иргэдийн зээл 0.8 хувиар буурч, 25.9 их наяд төгрөг болсон байна. Харин хувийн хэвшилд олгосон зээлийн үлдэгдэл хэмжээ 0.1 хувиар буюу үл ялиг буурч, 16.9 их наяд төгрөгт тогтвортой хадгалагджээ.
Жилийн өсөлтөөр авч үзвэл иргэдийн сегментэд олгосон зээл харьцангуй удааширч, 11 дүгээр сард өмнөх оны мөн үеэс 16.6 хувиар өссөн. Харин хувийн хэвшилд олгосон зээл 30.7 хувиар нэмэгдэж, өсөлтийн эрчээ хадгалжээ.
Эдгээр үзүүлэлт нь Төв банкны мөнгөний бодлогын арга хэмжээ үр дүнтэй хэрэгжиж байгаа ч хүртээмжийн талаасаа сегментүүдэд тэгш бус дамжин орж буйг харуулж байна.
Нөгөөтэйгүүр иргэдийн зээлийн хэрэглээг багасгаж, эрэлт талаас ирэх инфляцын дарамтыг бууруулж чадсан боловч ААН, бизнесүүдийн зээл идэвхтэй хэвээр байгаа нь нийлүүлэлт талаас ирэх инфляцын нөлөөнд өөрчлөлт бага буйн дохио юм.