
Зургийг: Bloomberg TV Mongolia
Засгийн газрын хуралдаанаар Монгол Ардын Намын Удирдах зөвлөлөөс нэр дэвшүүлсэн 14 дэд сайдыг хэлэлцэж томиллоо. Ийнхүү Ерөнхий сайд Г.Занданшатарын 19 сайд, 16 яамтай Засгийн газар 14 дэд сайдаар бүтцээ нэмэгдүүлж байна.
Дэд сайд нь хоёр хөрштэй харилцах Засгийн газар хоорондын комиссыг ахалдаг. ОХУ, БНХАУ-д мөн ийм жишгээр ажилладаг тул дэд сайдуудыг цомхотгосноор ажил гацах тохиолдол гардаг гэж Монгол Ардын Намын Удирдах зөвлөлөөс мэдэгдэлдээ дурджээ.
Монгол Ардын Намын Удирдах зөвлөлийн мэдээллээс харахад бүтээмжийн менежер, хянагч, зөвлөх зэрэг 440 орчим даргыг халж, 16 дэд сайдыг томилохоор шийдвэрлэсэн. Засгийн газар одоогоор нийт 16 яамтай байгаагаас Боловсрол болон Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам нь Хүн намд харъяалагдаж байгаа. Эдгээр хоёр яам дэд сайдтай байх эсэх асуудлыг МАН эцэслэн шийдээгүй байна.
Сангийн Дэд сайдаар Олон улсын мэргэшсэн банк санхүүгийн шинжээч, HSBC банкны Санхүүгийн ахлах шинжээчээр ажиллаж байсан Б.Хуланг томилсон. Мөн Эдийн засгийн хөгжлийн дэд сайдаар Санхүүгийн зохицуулах хорооны Даргаар ажиллаж байсан С.Даваасүрэн, Хууль зүй, дотоод хэргийн Дэд сайдаар ЗГХЭГ-ын Дэд дарга Д.Мөнх-Эрдэнийг тус тус томиллоо.
Харин Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн Дэд Сайдаар МИАТ ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлаас өөрийн хүсэлтээр чөлөөгдсөн Б.Мөнхтамирыг томилсон байна. Түүнийг МИАТ ТӨХК-ийн үйл ажиллагааг сайжруулахад сайн жишиг тогтоосон гэж үзжээ.