
Зургийг: X.com
Ням гарагт Сиднейн далайн эргийн Бондай амралтын газарт болсон халдлагын үеэр зэвсэгт этгээдүүдийн нэгийг үйлдэл дээр нь зогсоож, бууг нь булааж чадсан баатарлаг иргэнд gofundme платформоор дамжуулан өгсөн хандивын дүн 2.4 сая ам.доллар давжээ.
Ахмед Аль Ахмед нэртэй тэрбээр өдгөө 43 настай, хоёр хүүхдийн эцэг бөгөөд 2006 онд Сири улсаас Австралид цагаачлан ирж байсныг орон нутгийн хэвлэлүүд мэдээлсэн байна. Халдагч руу дайрах үедээ тэрбээр 4-5 удаа буудуулж шархадсан тул олон удаагийн хагалгаанд орохоор байгааг Australian Broadcasting Corp. мөн мэдээлжээ.
Хандивын аянд одоогоор 40 мянга гаруй хүн нэгдсэн бөгөөд хамгийн өндөр дүнтэй буюу 99,999 ам.долларын хандивыг Pershing Square Capital Management-ийн Гүйцэтгэх захирал, тэрбумтан Билл Экман өгсөн байна.
Ахмед аль Ахмедийн зоригт үйлдлийг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Австралийн Ерөнхий сайд Энтони Албаниз тэргүүтэй удирдагчид магтаж, хүндэтгэл илэрхийлсэн юм.
Йудейн шашны Ханукка баярыг тэмдэглэхээр далайн эрэгт цугласан байсан иргэд рүү гал нээн 15 хүний аминд хүрч, Австралийн түүхэн дэх хамгийн том террорист халдлагыг үйлдсэн этгээдүүд эцэг, хүү хоёр байсан нь тодорхой болоод байгаа. Эцэг нь халдлагын үеэр цагдаа нарт буудуулж алагдсан бол эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүү нь өнөөдөр мэдүүлэг өгөхийг Шинэ Өмнөд Уэльс мужийн цагдаагийн газраас мэдээлжээ. Халдлага үйлдэгчийн автомашинаас Исламын улсын хоёр ширхэг далбаа олдсоныг цагдаа нар мөн мэдээлсэн юм.