
Зургийг: С.Батсайхан
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаа өндөр савлагаатай байсан 2025 оныг харьцангуй тогтвортой өндөрлүүлэхээр байна.
12 дугаар сарын эхний хагас дахь арилжааны идэвхээс харвал энэ оны эцэст харьцангуй намжсан байдалтай байна. Оны хоёрдугаар хагас жилд уул уурхайн бүтээгдэхүүний арилжаа эрс нэмэгдэж, наймдугаар сард болон 11 дүгээр сард нэг их наяд төгрөгөөс дээш хэмжээний хэлцэл хийгджээ. Харин 12 дугаар сарын эхний хоёр долоо хоногт эргэн оны эхээр ажиглагдсан удааширсан төлөвт шилжээд байна. Нийт 798.6 мянган тонн бүтээгдэхүүнийг 193.9 тэрбум төгрөгөөр арилжаалжээ.
2024 онд ч мөн адил оны эцсээрх арилжаа харьцангуй буурсан үзүүлэлттэй байсан нь энэ удаад төлөв байдал өөрчлөгдөхөөс илүүтэйгээр улирлын шинжтэй түр зуурын удаашрал тохиож байж болзошгүйг харуулж байна.
Ялангуяа сүүлийн хоёр улирлын эрч 2026 оны эхээр үргэлжлэх төлөвтэй байгаа аж. Хэдий тийм боловч гол бүтээгдэхүүн болох нүүрсний үнэ эргээд бага зэрэг буурах төлөвт шилжээд байгаа нь биржийн арилжаа цаашлаад экспортын гол эрсдэл болж байна.
Харин зэсийн үнэ өсөх төсөөлөлтэй байгаа бөгөөд төмрийн хүдрийн үнэ харьцангуй тогтвортой байхаар байгаа юм.