
Зургийг: Bloomberg TV Mongolia
Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн зургаан жилийн бүрэн эрхийн хугацаа дуусаж буй тул шинэ нэр дэвшигчийг томилохоор хэлэлцэх гэж байна. “Эрдэнэс Монгол” нэгдлийн Гүйцэтгэх захирал С.Наранцогтоор зургаан тэрбум ам.долларын нөөцтэй, арилжааны 12 банкийг зохицуулах Төв банкийг удирдуулах эсэхийг шийдэх юм.
Сүүлийн байдлаар төгрөгийн ханш харьцангуй тогтворжиж байна. Таваарын үнийн "шок"-т ороод байсан Монгол Улсын эдийн засгийн өсөлт экспортын орлого сэргэсэнтэй холбоотойгоор хүлээлтээс харьцангуй сайн үзүүлэлттэй гарсан юм. Эдийн засгийн өсөлт сэргэж, зээлжих зэрэглэл сайжирсан ч инфляц Төв банкны зорилтоос хэт өндөр буйг эдийн засагчид шүүмжилж байна.
С.Наранцогтын хувьд бодлого талаас анхаарах гол сэдэв нь инфляцыг тогтворжуулж, зорилтот түвшинд авчрах юм.
Өнгөрсөн оны эцсээс хойш Төв банкны зорилтот интервалаас дээгүүр түвшинд хадгалагдаж буй хэрэглээний үнийн индекс 11 дүгээр сард 8.2 хувьд хүрч, өсөлт нь саарсан. Хэдий тийм боловч шинжээчдийн таамаглаж буйгаар ирэх оны эхний хагаст инфляц энэ түвшинд хэвээр хадгалагдах төлөвтэй байна. Тиймээс эрчимжиж буй хүнсний үнэ болон ирэх оны цалингийн өсөлтөөс үүсэх инфляцын дарамтын улмаас эдийн засгийг хэт халахаас сэргийлэх нь Монголбанкны шинэ Ерөнхийлөгчийн хувьд гол сорилт болохоор байна.