logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    П.Тунгалаг
    Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл I-XI сард ₮1.8 их наядын алдагдалтай гарав
    Нийтэлсэн огноо: 2025 оны 12 сарын 16 10:20
    130

    Зургийг: Э.Тэнгис

    Төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн хэмжээ оны эхний 11 сард өмнөх оны мөн үеэс 1.8 хувиар буурлаа

    Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл оны эхний 11 сарын байдлаар 1.8 их наяд төгрөгийн алдагдалтай гарсныг Үндэсний статистикийн хороо тайлагналаа.

    Тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн хэмжээ 25.6 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1.8 хувиар буурсан бол зарлага нь 10.8 хувиар буюу 2.7 их наяд төгрөгөөр өсжээ. Ингэснээр нийт зарлага эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 27.4 их наяд төгрөг болсон байна.

    Энэ онд нүүрсний үнэ буурч, төсвийн орлого бүрдүүлэлтэд дарамт үүсэх эрсдэл өндөр байгааг харгалзан орлогынхоо хэмжээгээр зарцуулах бодлого барьж буйг Сангийн сайд удаа дараа мэдээлж байсан юм.

    2025 онд хэт өөдрөгөөр баталсан төсвийн зарлагыг тодотголоор 2.1 их наяд төгрөгөөр бууруулсан ч энэ оны эцэст төсвийн орлого 2.3 их наяд төгрөгөөр тасалдаж болзошгүй буйг Сангийн сайд мөн анхааруулж байв. Үүний 1.2 их наяд төгрөг нь импорт буурснаас шалтгаалж гаалийн татварын орлого багассантай холбоотой. Нүүрсний үнэ буурснаас гадна автомашины импорт өмнөх оноос эрс буурсан зэрэг нь гаалийн татварын орлогод сөргөөр нөлөөлжээ.

    Оны эхний 11 сарын урьдчилсан гүйцэтгэлээр АМНАТ-ийн орлого 43.3 хувиар буурснаар татварын орлого 23.5 их наяд төгрөг болж багассан байна. Нүүрсний экспортын биет хэмжээ өнгөрсөн оноос төдийлөн буураагүй ч хямд үнэтэй нүүрс голлон экспортолж буйгаас нийт үнийн дүн нь 40 орчим хувиар буурчээ. Хэдий тийм боловч зэсийн баяжмалын экспортын орлого 73 хувиар өсөж, нүүрсний нийт орлогыг даваад байна.

    Түүнчлэн бараа, үйлчилгээний зардал нэг их наяд төгрөгөөр, урсгал шилжүүлэг 1.1 их наяд төгрөгөөр өссөнөөр төсвийн зарлага 2.7 их наяд төгрөгөөр тэлэв. Нийт зардлын 21.2 хувийг хөрөнгийн зардал эзэлж байна.

    Cэтгэгдэл бичих