logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Улс төр
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    ДНБ-ий “бодлогогүй” өсөлтийн араас хөөцөлдөхгүй байхыг Ши Жиньпин анхааруулав
    Нийтэлсэн огноо: 2025 оны 12 сарын 16 09:00
    638

    Зургийг: Nhac Nguyen/Pool/AFP/Getty Images/Bloomberg

    (Bloomberg) -- БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин өндөр тоонд дулдуйдсан өсөлтийг шүүмжилж, зөвхөн цаасан дээрх үр дүнгийн төлөө “бодлогогүй” төслүүдийн араас хөөцөлддөг явдлыг таслан зогсоохоо амлалаа.

    “Бүхий л төлөвлөгөөг гаргахдаа баримтад тулгуурлаж, бат бөх, элдэв хэтрүүлэггүй жинхэнэ өсөлт рүү тэмүүлж, өндөр чанартай бөгөөд тогтвортой хөгжлийг сурталчлах учиртай” хэмээн Ши Жиньпин өнгөрсөн долоо хоногт Төвийн эдийн засгийн ажлын хурлын үеэр хэлснийг Хятадын Коммунист намын албан ёсны хэвлэл “People’s Daily” мэдээлжээ.

    Мөн “Бодит байдлыг умартан бодлогогүй, түрэмгий ажиллаж, хэт ихийг шаардаж, нөөцийг хянуур бусаар захиран зарцуулж буй хэн бүхэнд хатуу хариуцлага хүлээлгэнэ” гэжээ. Ингэхдээ шаардлагагүй том хэмжээтэй аж үйлдвэрийн паркууд, үзэсгэлэн худалдаа ба форумуудын хяналтгүй өсөлт, зохиомлоор өсгөсөн статистик зэргийг жишээ болгосон байна.

    Шулуун шударга, нарийн тодорхой тэрхүү шүүмжлэл нь БНХАУ-ын удирдагч улсынхаа дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийн чанар, санхүүгийн нөөцийн зарцуулалтад нухацтай анхаарч буйн илрэл болж байна. Тус улсад албан ёсны дата, тоо баримт нь эмзэг мэдээлэлд хамаардаг, өндөр хяналттай тул ажиглагчид эдийн засгийнх нь эрүүл мэндийг үнэлэхэд хүндрэлтэй байдаг.

    Албан тушаалтнуудын амжилтыг зөвхөн дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтөөр бус, харин иргэдийн сайн сайхан байдал, тогтвортой байдлыг хэр хангаж чадсантай уялдуулан үнэлэх ёстойг Ши Жиньпин мөн онцолжээ. Эдийн засгийн урт хугацааны бат бөх суурийг тавихын төлөө юу хийх нь өнөө цагт эдийн засгийн өсөлтийг идэвхжүүлэхийн төлөө хийж буй ажилтай нь ач холбогдлын хувьд ижил болохыг нэмж дурдсан байна.

    Олон жилийн турш БНХАУ эдийн засгийн гүйцэтгэлээ богино хугацааны тоон мэдээллээр хэмжиж, түүндээ тулгуурлан албан тушаалтнуудыг тушаал ахиулах шийдвэр гаргаж ирсэн юм. Энэ нь сүүлийн хэдэн арван жилд БНХАУ-ын эдийн засаг хурдацтай өсөхөд дэм болсон ч орон нутгийн засаг захиргаануудын өр хуримтлагдах, нэг салбарт хэт олуул орсноос болж нийлүүлэлт илүүдэх зэрэг өнөө цагт улам илэрхий харагдах болсон сөрөг нөлөөллүүд үүсгэжээ. 

    Cэтгэгдэл бичих