
Зургийг: Э.Тэнгис
Татварын албанд бүртгэлтэй 265 мянган татвар төлөгчийн 26 хувь буюу 72,625 нь нийт 6.1 их наяд төгрөгийн татварын өртэй байгааг Татварын Ерөнхий Газар мэдээллээ. Нийт өрийн 30 орчим хувь буюу 2.1 их наяд төгрөгийг уул уурхайн салбарын компаниуд бүрдүүлж байна. Үүнд ашигт малтмалын үнийн уналт нөлөөлж буйг тодотгож байв.
Татварын байгууллага хоёроос дээш жил хуримтлагдсан өр барагдуулах ажлыг эрчимжүүлж буй бөгөөд татварын хуулийн дагуу шат дараатай арга хэмжээ авахаа мэдэгдсэн юм.
Өртэй 72 мянга гаруй татвар төлөгчийн дийлэнх нь 10 хүрэхгүй сая төгрөгийн өртэй байгаа нь нийт 6.1 их наяд төгрөгийн өрийн ердөө 1.4 хувийг эзэлж байна. Харин үлдсэн хувь нь цөөн тооны томоохон аж ахуйн нэгжүүдэд хамаарч буй аж.
2024 онд 17 их наяд гаруй төгрөгийн татварын орлого төсөвт төвлөрүүлснээс 60 орчим хувийг нь цөөн тооны томоохон аж ахуйн нэгжүүд бүрдүүлснээс 40 орчим хувийг нь Төрийн өмчит аж ахуйн нэгжүүд бүрдүүлсэн байна.
Цөөн тооны томоохон, тэр дундаа Төрийн өмчит компаниуд төсвийн орлого эзэлж байгаа тул Төрийн бодлого эдгээр аж ахуйн нэгжийг тойглоход чиглэж буйг УИХ-ын гишүүн Б.Жаргалан шүүмжилсэн юм.
Мөн сүүлийн нэг жилийн хугацаанд татварын өртэй аж ахуйн нэгжүүдийн тоо 20 мянгаар нэмэгдсэн нь бизнесийн орчин суларч буйн илрэл болж байна. Иймд Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн хүрээнд татварын өршөөлийн асуудлыг эргэн харах цаг болсныг УИХ дахь Ардчилсан намын бүлэг мэдээлж байв.
Энэхүү мэдээлэл нь татвар төлөлтөд нөлөөлж, аж ахуйн нэгжүүдэд эргэлзээ төрүүлж буйг Сангийн яам анхааруулж байсан юм.
Татварын Ерөнхий Газар 2025 онд 18 их наяд төгрөгийн татварын орлого төвлөрүүлэхээр төлөвлөсөн бөгөөд 12 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар 15.5 их наяд төгрөгийн орлого төвлөрч, 86.3 хувийн гүйцэтгэлтэй байна.
Нүүрсний үнэ буурснаас шалтгаалан татварын орлого оны эцэст 700 орчим тэрбум төгрөгөөр тасрах эрсдэл байгааг Татварын Ерөнхий Газар мэдээллээ.