
Зургийг: Э.Тэнгис
Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны ээлжит хурлаар эдийн засаг, банк, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал, дотоод, гадаад орчны төлөв, эрсдэлийг харгалзан үзээд бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгаллаа. Ингэснээр Төв банкны Мөнгөний бодлогын хороо өнгөрсөн гуравдугаар сард бодлогын хүүг хоёр нэгж хувиар нэмэгдүүлснээс хойш таван удаа дараалан хэвээр хадгалж байна. Одоогийн нөхцөлд бодлогын хүүг өөрчлөх шаардлага үүсээгүй гэж Монголбанк үзжээ.
Мөн тэтгэвэр, тэтгэмжийн орлого барьцаалсан зээлийн үлдэгдэлтэй тэнцэхүйц хэмжээний эх үүсвэрийг банкны заавал байлгах нөөц тооцох эх үүсвэрээс хасаж тооцох, тэтгэврийн зээлийн үлдэгдэл хугацааг 36 хүртэл сараар нэг удаа сунгаж, сунгасан хугацаагаар сарын төлбөрийн дарамтыг бууруулсан тохиолдолд уг активыг бүтэц өөрчлөгдсөн активт тооцохгүйгээр ангиллыг хэвээр хадгалах, тэтгэврийн зээлд тогтоосон 150 хувийн эрсдэлийн жингийн хэмжээг 100 хувь болгон бууруулахаар шийдвэрлэв.
Жилийн инфляц 11 дүгээр сард улсын хэмжээнд 8.2 хувь, Улаанбаатар хотод 8.7 хувьтай гарсныг Үндэсний статистикийн хороо мэдээллээ. Төрийн зохицуулалттай үйлчилгээний үнэ нэмэгдсэн нь инфляц өндөр түвшинд хадгалагдах гол шалтгааны нэг болж байна.
Харин Монголбанкны мөнгөний бодлогын хорооны өмнөх хурлуудад танилцуулсан төсөөллөөс харвал үүний нөлөөлөл энэ оны эцсээр арилж, хэрэглээний үнийн өсөлт саарах төлөвтэй.
Ургац хураалт тааруу байснаас үүдэн хүнсний ногоо, намрын саруудад махны үнэ улирлын хандлагаа дагаж буураагүй нь хүнсний инфляцыг эрчимжүүлсэн бол ирэх оноос цалингийн өсөлт инфляцын төсөөллийг өмнөхөөс нэмэгдүүллээ. Улмаар инфляц 2026 онд зорилтот интервалд орж тогтворжихоор байна.
Гадаад орчны тодорхой бус байдал хэвээр байгаа ч АНУ-ын тарифаас үүдэлтэй олон улсын худалдааны нөхцөл байдал хүлээлтээс харьцангуй сайн гарсныг онцоллоо. Түүнчлэн Монгол Улсын эдийн засгийн өсөлт хүлээлттэй нийцэж байгаа тул оны эцэст 5.8 хувьтай байх өмнөх төсөөллөө хэвээр нь үлдээжээ.
Эдийн засаг болон инфляцын төлөв байдлыг харгалзан үзэхэд ирэх оны хоёрдугаар хагас хүртэл бодлогын хүүг бууруулах хангалттай орон зай байхгүйг Төв банк тодотголоо.