
Зургийг: Christian Ender/Getty Images/Bloomberg
(Bloomberg) -- Хэт барууны намуудын авах дэмжлэг нэмэгдсэнээр Европын орнуудын эрх баригчдад цагаачлалд хатуу хяналт тавих шахалт ихээр ирж буй. Тэгвэл Швейцар улс энэ чиглэлийн арга хэмжээг шинэ түвшинд гаргаж, хүн амынхаа тоонд дээд хязгаар тогтоох эсэхийг санал хураалтаар шийдэхээр төлөвлөжээ.
Энэхүү санаачилга хэрэгжсэнээр Швейцар улс хүн амын тоо 10 сая хүрсэн тохиолдолд дүрвэгч, ур чадвартай ажилтан, өндөр цалинтай захирал гээд бүхий л ангиллын цагаачлалд нэгдсэн хориг тавих магадлалтай юм. Өдгөө тус улсын хүн ам ес орчим саяар хэмжигддэг.
Швейцарын иргэд ирэх онд дээрх санаачилгад саналаа өгч магадгүй бөгөөд урьдчилсан санал асуулгуудын үр дүнг харвал иргэдийн олонх нь дэмжих магадлал бий аж. Тус улс үндсэн хуулийн өөрчлөлт, бодлогын томоохон шинэчлэлтийг бүх нийтийн санал хураалтаар шийддэг өвөрмөц тогтолцоотой.
Хүн амын тоог хязгаарласнаар хөдөлмөрийн зах зээлд нэн чухал ур чадварын хомсдол үүсэж, улмаар Швейцарын өрсөлдөх чадварт сөргөөр нөлөөлөх гол эрсдэл бий. Эдийн засгийн идэвх сайтай, татварын хувь хэмжээ бага, ажиллах хүч нь ур чадвар өндөртэй, Засгийн газар нь үр ашигтай ажиллаж чаддагаараа тус улс “Google”, “IBM” зэрэг олон улсын томоохон бизнесүүдийг татаж, тэр хэмжээгээр гадаадын ажиллах хүчний эрэлт нь нэмэгдэж буй.
Швейцарын хүн ам сүүлийн 50 гаруй жилийн турш тогтвортой өссөнийг даган орон сууцны түрээсийн үнэ тэнгэрт тулж, авто замын түгжрэл болон галт тэрэг, нийтийн тээврийн ачаалал нэмэгдэж буйд иргэд нь бухимдлаа илэрхийлэх болсон байна. Өнгөрсөн сонгуулиар барууны үзэлтэй Швейцарын Ардын нам буюу SVP "Швейцарын иргэн болох нь эрх биш, харин аз завшаан" гэсэн уриатайгаар оролцож, сонгогчдын 28 хувийн санал авч чадсан юм.