
Зургийг: Jasper Juinen/Bloomberg
Улаанбуудайн гурил болон улаанбуудайгаас бусад импортын гол нэрийн барааны худалдан авалт оны эхний 11 сарын статистик мэдээллээр өссөн үзүүлэлттэй байна. Үүний дотор өндөгний импорт өмнөх оны мөн үеэс 22.7 хувиар өсжээ. Тайлант хугацаанд нийт 111.6 сая ширхэг өндөг импортолсон үзүүлэлттэй байна.
“Хүнсний хувьсгал” хөдөлгөөний хүрээнд үйлдвэрлэгчдэд хөнгөлөлттэй зээл олгосноор өндөгний хэрэглээг дотоодоос бүрэн хангах боломж бүрдсэн юм. Тухайлбал: “Түмэн Шувуут” компани 2026 онд бүрэн хүчин чадлаараа ажиллахад дотоодын зах зээлийн 50 хувийг дангаараа хангах боломжтой гэж мэдээллээ.
Евразийн Эдийн засгийн холбоотой байгуулсан чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг УИХ-аар соёрхон батлуулахаар хэлэлцэж байгаа бөгөөд хэлэлцээр батлагдсанаар 90 сая ширхэг хүртэлх өндөгний импортод татварыг 50 хувь хөнгөлж, 7.5 хувиар ногдуулах юм.
Мөн улаанбуудайн импортод 50 мянган тонны квот тогтоож, 3.75 хувийн татвар ногдуулна. Оны эхний 11 сарын байдлаар 29 мянган тонн улаанбуудай импортолсон нь өмнөх оны мөн үеэс 65.5 хувиар буурсан дүн болж байна. Энэ онд 100 мянган тонн улаанбуудай импортоор авах шаардлагатай байгааг салбарын яам мэдээлсэн юм.
Үүнээс гадна улаанбуудайн гурилын импорт 25.2 хувиар буурчээ. Нийслэлээс алслагдсан баруун аймгуудад гурилын нийлүүлэлт болон үнийг тогтвортой байлгах, малын тэжээлийн хангамжийг нэмэгдүүлэх үүднээс холбогдох тогтоолын төслийг УИХ-аар баасан гарагт эцэслэн батлах товтой байна.
Тогтоолын төсөл батлагдсанаар баруун таван аймгийн боомтуудаар улаанбуудайн гурил, мал, амьтны тэжээл, тэжээлийн нэмэлтийг импортлоход гаалийн татвараас чөлөөлнө.
Оны эхний 11 сард нийт 10.2 тэрбум ам.доллароор бараа, бүтээгдэхүүн импортолсон нь өмнөх оны мөн үеэс 3.4 хувиар буурсан үзүүлэлт боллоо.