
Зургийг: parliament.mn
Оюутолгойн бүлэг ордын ашиглалтын талаарх нотлох баримтыг шинжлэн судлах УИХ-ын Хянан шалгах түр хорооны нээлттэй сонсгол эхний өдрөө явагдлаа. Сонсголд нийт 92,467 хуудас нотлох баримт цуглуулснаас 51 хувь нь нууцын зэрэглэлтэй байгаа тул олон нийтэд нууц материалуудыг нээлттэй танилцуулах боломжгүй байна.
"Оюутолгой" төслийн ТЭЗҮ-ийг гаргалгүйгээр үйл ажиллагаа явуулсан, 2009 оны хөрөнгө оруулалтын гэрээнд "Онтрэ" ХХК-ийн хоёр тусгай зөвшөөрлийг багтаагаагүй зэрэг нь эхний өдрийн анхаарал татсан сэдвүүд байв.
"2009 онд ТЭЗҮ батлагдаагүйгээр "Оюу Толгой"-ийн хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдсан ч компанийн зүгээс ТЭЗҮ-гүйгээр үйл ажиллагааг үргэлжлүүлэхгүй. Компанийн зүгээс ТЭЗҮ батлуулахаар хичээн ажиллаж байна" гэж "Оюу Толгой" ХХК-ийн гэж шинээр томилогдсон Гүйцэтгэх захирал С.Мөнхсүх мэдээлсэн.
“Оюу Толгой” ХХК 2015 оноос хойш ТЭЗҮ-гүйгээр үйл ажиллагаа явуулсан бөгөөд Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл 2024 онд хуралдаж, ТЭЗҮ-ийг хэлэлцсэн ч хоёр компанид салангид байгаа тусгай зөвшөөрлүүдийн нөөц, үр ашгийн тооцоо хангалтгүй байсан тул батлаагүй гэсэн тайлбар өгчээ.
Мөн тус компанийн зүгээс Оюутолгой ордын хайгуулын ажлын төлөвлөгөө лиценз тус бүрээр хийгдээд хайгуулын ажил тасралтгүй явагдаж байгааг тодотгов. 2009 онд 36 сая тонн зэсийн нөөцтэй байсан бол 2014 онд бүртгүүлэхдээ 46 сая тонн болж нэмэгджээ. Мөн 2003-2024 онд “Онтрэ” ХХК-ийн эзэмшиж буй хоёр тусгай зөвшөөрлийн хайгуулын ажилд 88 тэрбум төгрөг зарцуулснаа тайлагнасан байна.
Шинжээчийн дүгнэлт
2009 онд байгуулсан Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд Оюутолгойг бүлэг ордод хамаарах "Онтрэ" ХХК-ийн эзэмшлийн "Жавхлант", "Шивээ толгой" гэх тусгай зөвшөөрлүүд багтаагүй. Одоогийн нөхцөл байдлаар "Онтрэ" ХХК-ийн тусгай зөвшөөрөлтэй талбайн 6.8 хувь нь Монгол Улсад ногдож байгаа нь Үндсэн хуулийг ноцтой зөрчиж байна гэж шинжээч дүгнэлээ.
Мөн "Оюу Толгой" ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн шийдвэр нь Монгол Улсын Үндсэн хуулийн шаардлагыг хангахгүй байна гэж үзэж байна. Өнгөрсөн хугацаанд "Оюу Толгой" ХХК-ийн зүгээс дээрх хоёр тусгай зөвшөөрлийг гэрээнд хамааруулах талаар хүсэлт гаргаагүй аж.
Тус компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөл "Онтрэ" ХХК-ийн тусгай зөвшөөрөлтэй холбоотой асуудлаар 2023-2025 оны хооронд нийтдээ 12 удаа хуралдсан байдаг. Харин хөрөнгө оруулалтын гэрээ, хувь нийлүүлэгчдийн гэрээтэй холбоотой Монгол Улсын Ерөнхий сайдуудаас есөн захирамж гарсан байна.
Урьдчилсан дүгнэлтээр
- Нэгдүгээрт: Оюутолгойн бүлэг ордод хамаарах "Жавхлант", "Шивээ толгой"-н тусгай зөвшөөрөл нь Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний үйлчлэлд хамаарахгүй
- Хоёрдугаарт: тусгай зөвшөөрлүүдийг 2025 оны IV сард стратегийн ордод хамруулсан
- Гуравдугаарт: УИХ-аас Төрийн эзэмшил тогтоох шаардлага, шалгуурыг хангах
- Дөрөвдүгээрт: цаашид "Онтрэ" ХХК хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах хүсэлт гаргах эрхтэй гэж үзсэн
- Тавдугаарт: "Оюу Толгой" ХХК нь тусгай зөвшөөрлийг хөрөнгө оруулалтын гэрээнд хамруулах хүсэлт гаргах эрх нээлттэй гэж мэдэгдлээ.
Ашигт малтмалын тухай хуулиар Төрийн эзэмшлийг УИХ өөрийн санаачлагаар эсвэл Засгийн газрын өргөн мэдүүлснээр тогтоодог. Тухайлбал: нөөцийн тайлан, ТЭЗҮ, тусгай зөвшөөрлийн төлбөр төлсөн байх, хувьцааныхаа 10 хувийг Монголын Хөрөнгий биржээр арилжаалсан байх ёстой аж.
"Онтрэ" ХХК нь 2004 онд IPO хийж, нээлттэй компани болсон бөгөөд хувьцаа эзэмшигчийн бүтцийг харвал "Horizon Copper" 24 хувь, "Rio Tinto" 16 хувь, бусад хөрөнгө оруулагчид 60 хувийг эзэмшиж байгаа юм байна.