
Зургийг: Eric Thayer/Bloomberg
(Bloomberg) -- БНХАУ-ын экспорт 11 дүгээр сард өмнөх сарын уналтаас сэргэснээр энэ оны гадаад худалдааны нийт ашиг нь нэг их наяд ам.доллар хүрсэн байна.
Тайлант хугацаанд тус улсын экспорт өмнөх оны мөн үеэс 5.9 хувиар буюу эрс өссөн нь “Bloomberg”-ийн эдийн засагчдын медиан таамгаас давлаа. Харин импорт нь 1.9 хувиар өссөн нь сул үзүүлэлт болов.
БНХАУ-ын гадаад худалдааны ашиг 11 дүгээр сард 112 тэрбум ам.доллар гарсан нь сарын дүнгээр гурав дахь хамгийн өндөр гүйцэтгэлд тооцогдож, эдийн засгийн таамгаас хол давсан байна.
БНХАУ-ын хямд үнэтэй бараа, бүтээгдэхүүн их хэмжээгээр орж буй орнуудын дотоодын аж үйлдвэрүүдэд нь дарамт болж магадгүйг шинжээчид онцолж байна.
Нөгөөтэйгөөр энэ онд БНХАУ-ын эдийн засгийн өсөлтийн 1/3-ийг экспорт дангаараа бүрдүүлснээс харахад гадаад эрэлтээс хараат байдлаа бууруулахад хүндрэлтэй болж байгаагийн илрэл гэж эдийн засагчид тодотгож байна.
Үүнээс гадна 11 дүгээр сард БНХАУ-аас АНУ-д нийлүүлсэн экспорт 29 хувиар буурснаар найм дахь сардаа дараалан хоёр оронтой тоогоор доошиллоо. Түүнчлэн наймдугаар сараас хойших өндөр дүнгээр суларсан байна.
Харин тайлант хугацаанд Европын Холбоо, Африк, Зүүн Өмнөд Азид хийсэн экспорт эрс өссөн нь АНУ-ын эрэлтийг нөхжээ. Тухайлбал: Европын Холбооны орнуудад нийлүүлсэн экспорт 15 орчим хувиар өссөн нь 2022 оны долоодугаар сараас хойших хамгийн өндөр өсөлт болсон байна.