
Зургийг: abwe.org
Швейцарын олон улсын боловсролын “EF Education First” байгууллагаас жил бүр гаргадаг англи хэлний мэдлэгийн индексэд Монгол Улс 2025 онд 447 оноо авч, "very low" буюу хамгийн доод түвшинд багтжээ.
Тус байгууллага эх хэл нь англи хэл биш орнуудын иргэдээс авсан шалгалтын үр дүнд тулгуурлан тус индексийг гаргадаг. Энэ онд дэлхийн 123 улсын 2.2 сая орчим иргэнийг шалгалтад хамруулж, англи хэлний унших, сонсох, ярих, бичих ур чадварыг нь дүгнэжээ. Шалгалтад хамрагдагчдын дундаж нас 26 байсан бөгөөд улс тус бүрээс 400-аас дээш хүн хамрагдсан аж.
Өнгөрсөн оны индексэд 464 оноотойгоор 84 дүгээрт бичигдэж байсан Монгол Улсын оноо энэ онд 17-оор буурч, 123 улсаас 95 дугаарт бичигдэх болсны сацуу англи хэлний мэдлэгийн "low" түвшнээс "very low" зэрэглэл рүү унажээ. 2016-2022 оны хооронд Монгол Улс энэхүү индексэд тасралтгүй байр ахисан ч түүнээс хойш гурван жил дараалан буурсан аж.
Харин Азийн 25 улсаас Монгол Улс 16 дугаарт эрэмбэлэгдсэн байна. Малайз улс нэгдсэн эрэмбийн 24 дүгээрт бичигдсэнээрээ Азийн орнуудыг тэргүүлсэн бол БНСУ 48 дугаарт, БНЭУ 74 дүгээрт, БНХАУ 86 дугаарт, Япон 96 дугаарт тус тус эрэмбэлэгджээ.
Дэлхийн хэмжээнд англи хэлний мэдлэгээр Европын орнууд ноёлж, 2025 оны индексийн эхний 12 байрыг бүгдийг нь авсан бол Нидерланд 624 оноотойгоор тэргүүн байраа дахин хадгалсан байна.