
Зургийг: Allison Robbert/Getty Images/Bloomberg
(Bloomberg) -- “Netflix” компани 72 тэрбум ам.долларын дүнгээр “Warner Bros. Discovery” компанийг худалдан авах төлөвлөгөө нь монополын асуудал үүсгэж болзошгүйг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп анхааруулсан байна.
"Энэ бол хэрэгжих ёстой процесс. Юу болохыг нь харна даа. Гэхдээ зах зээлд эзлэх хувь хэт их болохоор байгаа нь асуудал дагуулж магадгүй" хэмээн тэрбээр ням гарагт Вашингтоны "Kennedy Center"-т болсон арга хэмжээний үеэр онцолжээ.
Мөн “Netflix” компанийн захирал Тед Сарандостой өмнө нь Цагаан ордонд уулзаж, хэлцлийн талаар ярилцсанаа бататгажээ. Хэлцэл амжилттай болсноор дэлхийн №1 стриминг платформ "Netflix" тус зах зээлийн дөрөв дэх том платформ болох "HBO Max"-тай нэгдэх юм.
Мөн “Game Of Thrones”, “Friends” зэрэг алдарт бүтээлүүд, “DC Universe” комик дүрүүдийн франчайз “Netflix”-ийнх болсноор видео контентын зах зээл эрс өөрчлөгдөнө. Хэлцлийн үр дүнд бий болох хуулийн этгээдийн зах зээлд эзлэх хувь нь хуульд заасан 30 хувийн хязгаараас хангалттай давах учир АНУ-ын Хууль зүйн яамны Монополын эсрэг хэлтсийн эсэргүүцэлтэй тулгарах магадлалтай.
Харин “Netflix”-ийн зүгээс “Google”-ийн "YouTube" болон “ByteDance"-ийн "TikTok" зэрэг платформуудыг видео контентын зах зээлд багтааж тооцох ёстой гэж маргах төлөвтэй. Хэрэв зах зээлийн шинжилгээнд тэдгээрийг багтаавал “Netflix”-ийн эзлэх хувь эрс багасах юм.