logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Есүйхулан
    НИТХ: 2026 оны төсвийн зарлагыг ₮5.8 их наяд, орлогыг ₮2.07 их наяд байхаар батлав
    Нийтэлсэн огноо: 2025 оны 12 сарын 05 17:30
    149

    Зургийг: С.Батсайхан

    НИТХ: Ирэх онд нийслэл 98 шинэ төслийг 684 тэрбум төгрөгөөр хэрэгжүүлнэ

    2026 оны нийслэлийн төсвийн нийт орлогыг 2.07 их наяд төгрөг, зарлагыг 5.8 их наяд төгрөг байхаар баталлаа. Энэ дундаа 1.36 их наядыг татварын орлогоор бүрдүүлэхээр байна.

    Ирэх оны төсвийн орлогын бараг 60 хувийг буюу 1.2 их наяд төгрөгийг аж ахуй нэгжийн орлогын албан татвараас төвлөрүүлнэ. Энэ нь 2025 оноос 30 хувиар өндөр дүн юм. Мөн авто тээврийн татвараас 134.9 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр тусгасан байна.

    Түүнчлэн татварын бус орлогын дийлэнх хувийг торгуулийн орлого, хүүгийн орлого болон авто зам ашигласны төлбөрөөс бүрдүүлэхээр байгааг төсвийн задаргаанаас харж болохоор байна.

    Харин зардлын хувьд 5.8 их наяд төгрөгийн 1.4 их наядыг Нийслэлийн Засаг даргын урсгал зардал эзэлж байна. Энэ дундаа нийслэлийн орон сууц дэд бүтцийг хөгжүүлэх арга хэмжээнд 20 тэрбум төгрөг, нийслэлийг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, хөгжлийн 2026 оны төлөвлөгөөг хэрэгжүүлэх арга хэмжээнд 44.5 тэрбум төгрөг зарцуулахаар тусгагджээ.

    Мөн агаар орчны бохирдолтой тэмцэх газрын үйл ажиллагааны зардал 54.8 тэрбум төгрөг байхаас сайжруулсан түлшний тээвэрлэлт, хяналт шалгалт болон борлуулалтын зардалд 52.2 тэрбумыг нь зарцуулахаар байна. Өнгөрсөн онд бол Агаар орчны бохирдолтой тэмцэх газрын үйл ажиллагааны зардлыг 94 тэрбум төгрөгөөр баталж байсан юм. Үүний 45 тэрбум төгрөг нь агаарын чанарыг сайжруулах хөтөлбөр арга хэмжээнд зарцуулагдсан. 46.3 тэрбум төгрөг нь сайжруулсан түлштэй холбоотой зардлууд байсан юм.

    16 мега төслийг хариуцаж байгаа нэгдсэн төслийн удирдлагын газрын зардлыг 13.5 тэрбум төгрөг байхаар төсөвлөсөн байна.

    Дамжуулан зээлийн буюу бондын үндсэн болон хүүгийн төлбөрт 100.3 тэрбум төгрөг, нийслэлийн үнэт цаасны өрийн үйлчилгээний төлбөрт 408.4 тэрбум төгрөгийн санхүүжилт баталсан. Хамгийн хүлээлт өндөртэй мега төсөл болох туул хурдны замын үйл ажиллагааны зардалд нэг тэрбум төгрөг төсөвлөжээ.

    Улаанбаатар хот 2024 онд гадаад зах зээлд гаргасан 500 сая ам.долларын бондоор “Сэлбэ 20 минутын хот”-ын бүтээн байгуулалтын ажлыг  явуулж байгаа. Харин дотоодод гаргасан 500 тэрбум төгрөгийн бондоор Бөөрөлжүүт болон Багануурын батарей хуримтлуурын станцын төслийг хэрэгжүүлсэн юм.

    Ирэх онд нийслэл 98 шинэ төслийг 684 тэрбум төгрөгөөр хэрэгжүүлнэ. Харин 56 шилжих төсөл арга хэмжээнд 1.2 их наяд төгрөгийг зарцуулахаар байна.

    Cэтгэгдэл бичих