
Зургийг: Bloomberg/Bloomberg
(Bloomberg Opinion) -- Тэйлор Свифт Трэвис Келситэй сүй тавьснаа зарлах үед хүмүүсийн нүдийг хужирласан зүйл нь зөвхөн түүний аварга том алмаазан шигтгээтэй бөгж биш байлаа. Цагны хорхойтнуудын дунд Тэйлор Свифтийн зүүсэн ховор нандин, алмаазан гоёлтой алтан “Cartier” цаг жинхэнэ шуугиан тарьжээ.
Супер од Тэйлор Свифт өдгөө үйлдвэрлэгдэхээ больсон “Santos Demoiselle” загварын бугуйн цагийг зүүж харагдсанаар “Cartier” нь “Gen Z” үеийнхний хамгийн хүсэмжит брэнд болж, цагны зах зээлд шинэ давлагаа үүсгэв. Жижиг хэмжээтэй, гоёмсог хээнцэр загвартай цаг эргэн моодонд орох шилжилтийг “Cartier” түүчээлж, болхидуу спорт загварын цагны 10 жил үргэлжилсэн ноёрхолд цэг тавьжээ. Ингэснээр тус брэндийн толгой групп, тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүний конгломерат “Cie Financiere Richemont” энэ онд “Rolex” зэрэг салбарын томоохон тоглогчдыг ардаа орхиод байна.
“Cartier” чухам хэрхэн ингэж алдаршсаныг сайтар ойлгохын тулд өөр нэг алдартныг энд дурдахаас өөр аргагүй. Тэр бол Ким Кардашьян. 10 гаруй жилийн өмнө Кардашьяны эгч дүүс “Cartier”-ийн “Love” бугуйвчаар гоёж эхэлсэн юм. Ийнхүү залуухан, чинээлэг эмэгтэйчүүд “Cartier”-ийн бугуйвчуудыг давхарлан зүүж эхлэхтэй зэрэгцээд 2016-2023 онд тус компанийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Сирилл Виньерон брэндийг үндсээр нь шинэчилж байв. Тэрбээр нарийн төвөгтэй механизм бүхий цаг үйлдвэрлэхийн оронд “Cartier”-ийн өв соёл болсон өвөрмөц хэрнэ төгс хийцтэй загваруудыг хөгжүүлэхэд анхаарчээ.
Түүний зориглон хийсэн хамгийн том алхам нь 2017 онд “Panthere” загварыг танилцуулсан явдал байв. Софиа Коппола найруулж, Лос-Анжелесийн нэгэн залуу бүсгүйг тоглуулсан сурталчилгааны видео нь Донна Саммерийн “I Feel Love” дууны хүчтэй хэмнэлтэй зохицсоноор “Gen Z” үеийнхний соёлын мэдрэмжийг яг л тусгаж чаджээ.
Энэ шинэчлэлийн хүрээнд “Cartier” тус загварын цагийг өмнө нь худалдаж авсан хэрэглэгчдэд цагаа авчраад үнэгүй засуулах эрх, мөн хоёр жилийн баталгаа өгчээ. Үр дүнд нь олон бүсгүйчүүд удаан хугацаанд хэрэглээгүй, эвдэрч хуучирсан цагнуудаа засуулж, охид болон ач, зээ нартаа өвлүүлж өгөх болсон нь брэндийн шүтэн бишрэгчдийн үе шинэчлэгдэх гол түлхэц болсон байна.
Сирилл Виньерон үүгээр ажлаа дуусгасангүй. Дараа жил нь Жейк Жилленхолын тоглосон шинэлэг сурталчилгаагаар “Santos de Cartier” загварыг дахин танилцуулж, улмаар “Tank”, “Baignoire” зэрэг бусад домогт цувралуудаа орчин үеийн өнгө аястайгаар дахин бүтээв. Тэрбээр зарим загварыг бүр мини хувилбар болгон өргөтгөж, цуглуулгын цар хүрээг улам тэлжээ.
Тансаг хэрэглээний чиг хандлага өөрчлөгдөж буй нь “Cartier”-ийн өсөлтөд нэмэр болж байна. Гар цүнхний үнэ тэнгэрт хадахтай зэрэгцэн залуу хэрэглэгчид үнэт эдлэл рүү хошуурах болжээ. “Richemont” группийн үнэт эдлэлийн брэндүүд тэр дундаа “Van Cleef & Arpels”-ийн гол давуу тал нь анхан шатны буюу боломжийн үнийн түвшнийг тогтвортой хадгалж чаддаг явдал. Энэ бодлого нь “Cartier”-ийн цагны цувралуудад ч мөн адил амжилттай хэрэгжиж байна. Өнөөдөр ган хийцийн мини “Panthere” цаг ойролцоогоор 3500 фунт стерлинг буюу 4600 ам.долларын үнэтэй байгаа нь тансаг зэрэглэлийг гар цүнхийн үнэтэй дүйцэхүйц түвшин юм.
“Cartier”-ийн бугуйн цагнууд ерөнхийдөө олдоц сайтай ч зарим загвар нь хүлээлгийн жагсаалттай. Харин Тайлор Свифт зэрэг алдартнуудын сонирхдог алмаазан шигтгээтэй загварууд онцгой эрэлттэй хэвээр байна.
Эдгээр чиг хандлага “Cartier”-ийг “Gen Z” үеийнхний хамгийн хүсэмжит брэндийн нэг болгожээ. Залуу хэрэглэгчид овор ихтэй, гангаар хийсэн спорт загварын “Rolex” зэрэг цагнуудаас татгалзаж, жижигхэн, алтлаг өнгө давамгайлсан загваруудыг илүүд үзэх болсон. Ийм загваруудыг зөвхөн эмэгтэйчүүд бус “Cartier”-ийн элч Тимоти Шаламе тэргүүтэй эрчүүд ч түгээмэл зүүдэг болжээ. Зарим эмэгтэйчүүд бүр бугуйвч мэт давхарлан зүүх тренд гаргаад байгаа аж. Тус брэнд цагнуудаа хүйсээр ангилдаггүй ч салбарын зөвлөх “LuxeConsult”-ийн тооцооллоор ойролцоогоор борлуулалтын 55 хувь нь эрэгтэй, 45 хувь нь эмэгтэй хэрэглэгчдэд ногдож байна.
Цагны худалдааны платформ “Chrono24”-ийн мэдээллээр “Gen Z” хэрэглэгчдийн тус сайтаар худалдан авалт хийсэн дүнд “Cartier”-ийн эзлэх хувь 2018 оны 1.7 хувь байсан бол энэ оны эхний хагаст 6.8 хувь хүртэл өссөн байна. Бүх насны хэрэглэгчдийг харахад ч “Cartier”-ийн эзлэх хувь 2018 онд 2.9 хувь байсан бол өнөөдрийн байдлаар 5.4 хувьд хүрч нэмэгджээ.
“Subdial”-ийн мэдээлснээр “Cartier”-ийн цагны хоёрдогч зах зээлийн үнэ энэ оны III-X сарын хооронд 10 хувиар өссөн байна. Их Британид төвтэй тус худалдааны платформ сүүлийн жилүүдэд “Panthere” загварыг олж өгөх хүсэлт өмнөхөөсөө ихээр хүлээн авах болсноо онцолж байлаа. Энэ нь ердөө 2-3 жилийн өмнө бараг ажиглагддаггүй үзэгдэл байжээ. Энэ нь тус загвар “TikTok” болон нөлөөлөгчдийн дунд эрэлттэй болсныг илтгэж болохоор байгаа юм.
Хэдий тийм боловч шинэ загваруудын дунд өсөлт бүр ч өндөр байна. “Cartier” нь “Richemont”-ийн үнэт эдлэлийн хэлтсийн бүрэлдэхүүнд багтдаг тул брэндийн цагны борлуулалтын нарийвчилсан мэдээллийг тусад нь нийтэлдэггүй. Харин “Vontobel Equity Research”-ийн тооцоогоор “Cartier-“ийн цагны борлуулалт энэ оны I-IX сарын хооронд 15 хувиар өссөн байна. Борлуулалт нь нэг оронтой хувиар нэмэгдсэн гэх төсөөлөлтэй “Rolex”-ийг давсан үзүүлэлт төдийгүй борлуулалт нь сулраад буй Швейцар цагны зах зээлийн үзүүлэлтээс хавьгүй өндөр гэсэн үг юм.
“Cartier”-ийн цагны борлуулалт энэ онд 3.6 тэрбум евро буюу 4.2 тэрбум ам.доллар хүрч, “Richemont”-ийн бусад цагны брэндүүдийг сүүлийн 20 жилийн хугацаанд анх удаа гүйцэх төлөвтэй байна.
Энэ эрэлт удаан үргэлжлэх үү?
“Vontobel”-ийн тооцооллоор “Cartier” энэ онд 715 мянган ширхэг цаг үйлдвэрлэх төлөвтэй байгаа нь “Rolex”-ийн 1.2 саяас хамаагүй бага хэмжээ юм. Иймд брэндийн нөлөө улам эрчимжиж буй БНХАУ-ын залуу хэрэглэгчдийн дунд өсөлтөө үргэлжлүүлэх боломж харагдаж байна.
Гэхдээ хоёрдогч зах зээл дээрх үнэ сүүлийн нэг сарын хугацаанд бага зэрэг буурч, “Chrono24”-ийн мэдээллээр Ази болон Хойд Америкт сонгодог хэв маягийн цагны эрэлт үл ялиг саарсан байна. АНУ-ын зарим залуу худалдан авагчид инфляц, оюутны зээлийн өссөн эргэн төлөлт, хөдөлмөрийн зах зээлийн сулрал зэрэг дарамтад орж буй нь эрэлтийг хязгаарлах нэг хүчин зүйл болжээ.
“Cartier”-ийн амжилтыг өрсөлдөгч брэндүүд анзаарч эхэлжээ. “Rolex” хоёр жилийн өмнө 1908 нэртэй сонгодог загварын шинэ цагны цувралаа танилцуулсан юм. Мөн ган төмөр загвартаа пистачио, лаванда зэрэг илүү сонирхолтой өнгийн нүүртэй, жижиг хэмжээтэй хувилбаруудыг туршиж байна.
“Rolex” 2015 онд зах зээл том оврын цаг руу шилжихийн хэрээр 26 мм-ийн “Lady Datejust” загвараа зогсоосон билээ. Гэвч “Panthère”-тэй төстэй сонгодог, даруухан тансаг хэв маяг агуулсан энэ загвар “TikTok”-д дахин эрэлттэй болж, хоёрдогч зах зээл дээр үнэ нь өсөж, өндөр үнээр арилжаалагдах болсон байна. Иймээс дээрх загварыг дахин үйлдвэрлэн гаргах нь “Rolex”-ийн хувьд өрсөлдөөнд ухаалаг алхам болох магадлалтай байгаа аж.
“Richemont” нь “Cartier”-ийн өв соёлыг арвин хадгалж ирсэн бөгөөд шинэ Гүйцэтгэх захирал Луи Ферла энэ хүчтэй суурийг цаашид ч үр дүнтэй ашиглах боломжтой. Мөн компанийн бусад цагны брэндүүд ч эрэлт савлах үед нөхөж гүйцэх потенциалтай. “Jaeger-LeCoultre Reverso” загвараа эрэгтэй, эмэгтэй хүнийг хоёуланг нь зохицохуйц байдлаар шинэчлэн танилцуулсан бол “Piaget” асимметрик загвартай “Sixtie”-ийг зах зээлд гаргаад байна.
Хэдий тийм боловч хамгийн зөв нүүдэл нь “Santos Demoiselle”-ийг дахин үйлдвэрлэн гаргах явдал байж магадгүй. Цаг үйлдвэрлэгчид ирээдүйн төлөвлөгөөгөө ховорхон дэлгэдэг ч “Cartier” “Тейлор Свифтийн Cartier” нэрээр алдаршсан загвараа “TikTok”-ийн дараагийн “It-girl” цаг болгон чадварлаг сэргээж чадвал брэндийн өсөлтийн хурдаа хадгалахад үүнээс илүү стратеги гарцаагүй гэж хэлж болно.