
Зургийг: МИК
11 дүгээр сарын 27-28-ны өдрүүдэд Узбекистан улсын Самарканд хотноо зохион байгуулагдсан Азийн Хоёрдогч Моргейжийн Зах Зээлийн Холбоо (ASMMA)-ны жил бүрийн гишүүдийн хурлаар Монголын Ипотекийн Корпорац бүс нутаг дахь орон сууцны санхүүжилтийн хамтын ажиллагаагаа бэхжүүлж, мөн 2026 онд тус холбооны үйл ажиллагааг тэргүүлэхээр боллоо.
Хурлын үеэр Узбекистаны Ипотекийн Санхүүжилтийн Компани болон Монголын Ипотекийн Корпорац хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж, хоёр орны орон сууц санхүүжилтийн шилдэг туршлагыг хуваалцахаар тохиролцсон байна.
Узбекистан улс 2017 оноос орон сууцны санхүүжилтийн системээ шинэчлэх реформын арга хэмжээг эрчимтэй хэрэгжүүлж, 2019 онд Дэлхийн Банкны дэмжлэгтэйгээр Узбекистаны Моргейжийн дахин санхүүжилтийн компанийг (UMRC) байгуулж байжээ. Энэ хүрээнд Узбекистаны анхны моргейжийн зээлээр баталгаажсан бонд гаргасан бөгөөд цаашид моргейжийн зээлээр баталгаажсан үнэт цаас гаргахаар ажиллаж байгаа аж. Хоёрдогч санхүүжилт, бодлогын шинэчлэлийн нөлөөгөөр 2018-2023 оны хооронд тус улсын моргейжийн зээл олголт гурав дахин өссөн үр дүнтэй байна.
ASMMA-ийн энэ жилийн хурлаар гишүүн байгууллагууд туршлага солилцож, ирээдүйн хамтарсан төслүүдийн талаар хэлэлцэж, бүс нутгийн хоёрдогч моргейжийн зах зээлийг хөгжүүлэх, Холбооны үйл ажиллагааны үр нөлөөг нэмэгдүүлэх, ирэх жилийн тэргүүлэх зорилтуудыг тодорхойлох зэрэг асуудлыг хэлэлцсэн байна. Мөн ASMMA-ийн гишүүд хамтын ажиллагаагаа улам сайжруулж, Азид тогтвортой хоёрдогч ипотекийн зах зээлийг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулахад бэлэн байгаагаа илэрхийлжээ.
Мөн хурлын төгсгөлд нийт гишүүдийн санал хуралтаар МИК-ийн захирал Б.Гантулгыг Азийн Хоёрдогч Моргейжийн Зах Зээлийн Холбооны шинэ нарийн бичгийн даргаар сонгосон нь орон сууцны хоёрдогч санхүүжилтийн зах зээлийн идэвхтэй үйл ажиллагааг хангах чиглэлд Монгол Улсын ахиц дэвшил, туршлагыг үнэлсэн явдал боллоо.
2009 онд анх байгуулагдаж байсан Азийн Хоёрдогч Моргейжийн Зах Зээлийн Холбоо нь Монгол, Япон, БНСУ, Казахстан, Узбекистан зэрэг Азийн орнууд дахь орон сууцны санхүүжилтийн байгууллагуудын хамтарсан сүлжээ юм. Моргейжийн зээлээр баталгаажсан үнэт цаасны зах зээл, эрсдэлийн удирдлагын хэрэгслүүд, бүс нутгийн бодлогын зохицуулалтыг дэмжих замаар боломжийн үнэтэй орон сууцны хүртээмжийг өргөжүүлэх нь тус холбооны тэргүүн зорилго аж.
Монголд орон сууцны санхүүжилтийн тасралтгүй байдлыг хангаж буй Монголын Ипотекийн Корпорац 19 жилийн өмнө үүсгэн байгуулагдсан. 2013 оноос хойш Төрөөс хэрэгжүүлж буй хөтөлбөрийн дагуу банкнуудын олгосон орон сууцны ипотекийн зээлийг үнэт цаасжуулах ажлын хүрээнд Санхүүгийн Зохицуулах Хорооноос тусгай зөвшөөрөл авч, нийт 131 мянган зээлдэгчийн 5.5 их наяд төгрөгийн дүнтэй, 30 хүртэлх жилийн хугацаатай ипотекийн зээлээр баталгаажсан бондыг (ИЗББ) гаргасан байна.
Нийт худалдан авсан зээлийн 40 орчим хувь нь гэр хорооллоос орон сууцанд шилжин оржээ.