logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    П.Тунгалаг
    Зэсийн баяжмалд дэлхийн жишгээс 2 дахин өндөр АМНАТ тооцож буй нь хөрөнгө оруулагчдад таатай харагдахгүй байна
    Нийтэлсэн огноо: 2025 оны 12 сарын 04 10:00
    401

    Зургийг: SeongJoon Cho/Bloomberg

    Монгол Улс ирэх онд 1.9 сая тонн зэсийн баяжмал экспортолж, тонн тутмыг нь 9700 ам.доллар байхаар тооцоолоод байна

    Монгол Улс зэсийн баяжмалд дэлхийн жишгээс хоёр дахин өндөр ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр тооцож буй нь хөрөнгө оруулагчдын сонирхлыг сулруулж, Казахстан зэрэг ижил зах зээлтэй улсуудыг сонгоход хүргэж буйг салбарынхан тодотгож байна.

    Эрдэс бүтээгдэхүүнүүдээс зэсийн баяжмалд хамгийн өндөр буюу “Эрдэнэт үйлдвэр” 21.6 хувийн АМНАТ төлдөг. Үйлдвэрийн борлуулалтын орлого жилд дунджаар дөрвөн их наяд орчим төгрөг байхад нэмээд олоогүй байгаа нэг их наяд гаруй төгрөгөөс тооцон АМНАТ төлж байгаа нь уурхайн насжилтад нөлөөлж буйг тус компанийн Ерөнхий захирал Г.Ёндон тодотголоо.

    “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон

    Оюутолгойн хувь тогтворжуулах гэрээтэй учраас таван хувийн АМНАТ төлдөг байна. Зэсийн АМНАТ-ийг дэлхийн жишгээр 7-8 хувь болгон бууруулбал Хармагтай, Цагаан суварга зэрэг томоохон төслүүд гацаанаас гарч, хөрөнгө оруулалт нэмэгдэх боломж бүрдэхийг салбарын сайд дурдсан.

    Иймд ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр тооцох аргачлалд өөрчлөлт оруулахаар төлөвлөж буйг мэдээлж байв.

    Нүүрсний үнээс хэт хамааралтай эдийн засгийг төрөлжүүлэхэд зэс, газрын ховор элемент, өнгөт металлын хайгуул, олборлолт, хөрөнгө оруулалтад бодлогоо чиглүүлэх шаардлагатай.

    Оны эхний 10 сарын байдлаар нүүрсний экспортын орлого өмнөх оны мөн үеэс 40 гаруй хувиар буурч, 4.3 тэрбум ам.доллар болсон. Харин зэсийн баяжмалын экспортын орлого 4.5 тэрбум ам.доллар хүрч, өмнөх оны мөн үеийн дүнгээс 73 хувиар өссөнийг статистик мэдээлэл харуулж байна.

    Өөрөөр хэлбэл чулуун нүүрсний экспортын гурав орчим тэрбум ам.долларын алдагдлын 1.9 тэрбумыг нь зэсийн баяжмалын орлогоор нөхсөн байна. Экспортын нийт орлогын 37 хувийг зэсийн хүдэр, баяжмал, 35.4 хувийг чулуун нүүрсний орлого бүрдүүлжээ.

    Монгол Улс 2026 онд 1.9 сая тонн зэсийн баяжмал экспортолж, тонн тутмыг нь 9700 ам.доллар байхаар тооцоолсон юм. Мөн 90 сая тонн нүүрс экспортолсноор АМНАТ-өөр дөрвөн их наяд төгрөг төсөвт төвлөрүүлэхээр төлөвлөж байна.

    Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням

    УИХ-ын гишүүн Б.Уянга

    Cэтгэгдэл бичих