logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Ярилцлага
    Нийтлэлийг хуваалцах
    Bloomberg TV Mongolia
    Тайлер Вүүд: Техник шинжилгээ нь сэтгэл хөдлөл, нэг талын байр суурьт хэт найдахаас сэргийлдэг
    “CMT Association”-ийн Гүйцэтгэх захирал Тайлер Вүүдтэй техник шинжилгээний арга хэрэгсэл, арилжааны сэтгэл зүйн талаар ярилцлаа
    Нийтэлсэн огноо: 2025 оны 12 сарын 03 13:30
    240

    Зургийг: Bloomberg TV Mongolia

    - 2025 он зах зээлийн хэлбэлзэл маш өндөртэй жил болж байна. Зөвхөн дэлхийн хувьцаануудад ч бус бонд болон түүхий эдийн зах зээл огцом савлагаатай байна. Энэ тааварлашгүй цаг үед арилжаанд оролцогчид, хөрөнгө оруулагчид техник шинжилгээг хэрхэн давуу талаа болгон ашиглаж болох вэ? 

    - Сайхан асуулт байна. Ихэнх арилжаанд оролцогчдын орхигдуулах хандлагатай байдаг техник шинжилгээний гол давуу тал нь зах зээлд яг одоо юу болж байгааг ойлгох боломж. Дэлхийн хувьцааны индексүүдийг аваад үзье. Бүгд л түүхэн дээд цэгтээ хүрсэн эсвэл хүрэх замдаа явж байна. “Бух зах зээл” үргэлжилж байна. Хэдий тийм боловч макро эдийн засгийн дүр зургийг аваад үзвэл одоогийн нөхцөл байдал үүрд үргэлжлэх боломжгүйг илтгэж байгаа. Тэгэхээр хувьцаанууд, бонд болон түүхий эдийн зах зээлийн өнөөгийн нөхцөл байдлыг оновчтой тодорхойлох хэрэгтэй болно. Ерөнхийдөө техник шинжилгээ нь сэтгэл хөдлөлөөр шийдвэр гаргахаас сэргийлж, байршлаа зөв эзлэхэд давуу тал болно. 

    ezgif-31f6f3bea2edf1b5.png

    - Арилжаа, хөрөнгө оруулалтын олон стратеги бий. Тэгэхээр арилжаанд оролцогчид хэрхэн оновчтой, ухамсартай байдлаар техник шинжилгээг өөрийн хөрөнгө оруулалтын стратегидаа нэвтрүүлж болох вэ? 

    - Техник шинжилгээний арга барилд маш олон хэрэгсэл, индикаторууд багтдаг. Нэмээд үнэ, арилжааны хэмжээ, хэлбэлзэл, зах зээлийн харилцан хамаарал гээд олон судалгааны ажлууд бий. Макро эдийн засаг, зах зээлийн сентимент, цикл гээд л маш олон зүйл бий. 

    Залуу арилжаанд оролцогчдод техник шинжилгээг ашиглахдаа зөвхөн нэг индикаторт найдах бус, бодит байдлыг олон янзаар шинжихийг би үргэлж зөвлөдөг. Яг одоо дэлхийн зах зээлийг тааварлаж, залуурдахад маш төвөгтэй байгаа талаар бид түрүүн ярьсан. Тэгэхээр эрсдэлийн гол түвшин тань хаана байгааг тодорхойлох, зарах болон худалдан авах шийдвэр гаргахад тань туслах тогтсон арга барилтай байх нь чухал. Ингэснээр арилжааны шийдвэр гаргалтаас сэтгэл хөдлөлийг арилгаж, нэг талын байр сууринд хэт найдахаас сэргийлэх юм. 

    - Нэг компанийг жишээ болгоод харъя л даа. Энэ онд нэлээдгүй өссөн Хонконгт бүртгэлтэй “Mongolian Mining Corporation”-ийн чартыг та надтай хуваалцсан байсан. Тус компанийн хувьцаанд хийсэн техник шинжилгээ юуг хэлж байна вэ? 

    - Тэгэхээр хөрөнгө оруулагчдад трендийг тодорхойлох нь нэн чухал болохыг би үргэлж сануулдаг. Бидний баримталдаг гол зарчим бол аливаа тренд үргэлжлэх бүхий л хугацаанд нэг хэсэг нь байхыг зорьдог. Тренд үргэлжлэх баримт нотолгоог цуглуулснаар худалдан авах нь зүйтэй.  

    “Mongolian Mining Corporation”-ийн хувьд хувьцаа нь өсөх тренд энэ оны дунд үеэс эхэлсэн байгааг бидний загвар харуулж байна. Үүнээс хойш ханш нь эрчимтэй өсөж эхэлсэн. Аливаа хувьцаа, үнэт цаас нэг тэгш шугамаар явдаггүй шүү дээ. Эрэлт бий болсноор ихэвчлэн ханш нь огцом өсөж, хэсэг хугацааны засвар хөдөлгөөн ордог. Харин техник шинжилгээний арга хэрэгсэл нь аливаа засвар хөдөлгөөн тухайн тренд дуусаж байгааг илтгэж байна уу эсвэл тренд доторх богино уналт уу гэдгийг бататгаж өгдөг. 

    ezgif-375c301b2eb7168d.png

    Ханшийн хөдөлгөөнийг шинжих, “Moving Average” буюу хөдөлгөөнт дундаж эсвэл “Donchian Channel” зэрэг аргачлалуудыг ашиглах нь трендийг тодорхойлоход тусалдаг. Гэхдээ үүнээс гадна үргэлж арилжааны хэмжээ, хэлбэлзэл болон импульс хөдөлгөөнийг шинжиж баталгаажуулах ёстой. 

    Миний хуваалцсан чартыг хараад үзвэл “Mongolian Mining Corporation”-ийн хувьцаа өсөх трендтэй хэвээр байгааг манай загвар харуулж байна. Тренд дуусах сэжүүр хараахан илрээгүй байна. Харин чартын доод хэсэгт ханшийн хөдөлгөөний эрчийг харуулж байгаа. 

    Ерөнхийдөө “Mongolian Mining Corporation”-ийн хувьцаа өсөх эрчтэй байсан ч бага зэрэг саарч “Neutral” бүсэд орсон байна. Ихэнх тохиолдолд энэ нь тренд үргэлжилж байгаа, худалдан авах оновчтой цаг тохиож байгааг илтгэдэг. Тэгэхээр бид арилжааны хэмжээ, эрчийг зайлшгүй хардаг.

    Харин зарах дарамт нэмэгдэж, ханшийн импульсийн эрч сөрөг утга руу орох нь тренд удаан хугацаанд үргэлжлэх боломжгүй байгааг илтгэдэг. Хэдий тийм боловч “Mongolian Mining Corporation”-ийн хувьцаа “Neutral” бүсэд байгаа нь өсөлт хэсэг хугацаанд завсарласан байгааг харуулж байна. 

    - Дэлхийн хувьцаа, түүхий эдүүд түүхэн дээд цэгтээ хүрч байгааг та тодотгосон. Энэ тренд ухрах магадлал байна уу? Анхаарч байх ямар чарт, индикатор байна? 

    - Тийм ээ, сүүлийн үед хүн бүр алт болон үнэт металлын тухай ярьж байна. Дэлхий дахинд алтны эрэлт огцом өсөх болсон гол шалтгаан нь тодорхой. Сүүлийн хэдэн жилд томоохон Төв банкнууд үнэт металл тэр дундаа алтны томоохон худалдан авагч болж, эрэлтийг хүчтэй дэмжсэн явдал.

    Ердөө гурван жилийн өмнө алтны үнэ унц нь 2000 ам.долларын босго давж байлаа. Харин өнөөдөр ам.долларын ханшаар тооцвол алтны үнэ сүүлийн хоёр жилд хоёр дахин өсөөд байна. Энэ бол зах зээлийн хувьд үнэхээр үлэмж хэмжээний огцом өсөлт.

    Алтны үнэ наймдугаар сараас хойш параболик хэлбэрээр өссөн. Өсөлтийн эрч нэмэгдсэн нь эрэлт улам тэлсэнтэй холбоотой. Үнэндээ энэ өсөх хандлага хоёр жилийн өмнөөс эхэлсэн ч олон нийт, хөрөнгө оруулагчид үнийг саяхнаас л өргөн хүрээнд анзаарч, эрэлтэд нэмж түлхэц өгсөн. 

    Энэ нь арилжаанд оролцогчид нэг санаатай байгааг илтгэж байна. Хүн бүр л үнэт металлыг урам зоригтойгоор худалдан авч байгааг харуулж байна. Энэ үед нэмэлт худалдан авагчид гарч ирэх магадлал маш бага байдаг. Өөрөөр хэлбэл, ханшийн тренд эргэвэл маш огцом зарах хөдөлгөөн ажиглагдана. Яг энэ үед худалдан авалт хийх хүн цөөн байх тул зах зээлд огцом савлагаанууд үүсдэг. Алтны тухайд энэ бол эрэлт, нийлүүлэлтийн харилцан хамаарлын нэг л жишээ. 

    Яг одоо алтны өсөлт хэтэрсэн байж магадгүй байна. 11 дүгээр сард улирлын чанартай бага зэргийн эрэлт сулрах хандлага харагдаж байна. Гэхдээ алтны өсөх тренд энэ он дуустал үргэлжилж, 2026 оны эхээр ч хадгалагдахад би гайхахгүй ээ. 

    Та дэлхийн бусад зах зээлийг дурдсан, мэдээж бондын зах зээлийг бид анхааралтай ажигладаг. Яг одоо ижил хугацаатай бондуудын өгөөжийн зөрүүг харвал баавгай зах зээл тохиох эрсдэл бага байгааг илтгэж байна. Төв банкнууд бодлогын хүүгээ зөөлрүүлсээр байгаа. 

    Хувьцааны хувьд энэ нь юу гэсэн үг вэ гэдгийг тодорхойлохдоо бид жижиг үнэлгээтэй компаниудыг анхааралтай ажигладаг. “S&P 500 Index” доторх бага үнэлгээтэй компаниуд эсвэл “Russell 2000 Index”-ийг хардаг. Учир нь эдгээр жижиг үнэлгээтэй компаниуд хөрвөх чадвар, санхүүжилтээс өндөр хамааралтай байдаг. 

    Одоо юу харагдаж байна вэ гэхээр хиймэл оюуны нөлөөгөөр технологийн мега компаниудын хөтөлсөн огцом өсөлтийг жижиг үнэлгээтэй компаниуд нөхөж эхэлж байна. Тэгэхээр одоогийн "Бух зах зээл"  үргэлжлэхэд өсөлтөд эзлэх хувь тархах, төрөлжилт хэрэгтэй харагдаж байна. Өөрөөр хэлбэл, зах зээлийн өсөлт өргөн хүрээг хамрах хэрэгтэй. Энэ нь ч техник шинжилгээний чухал индикаторуудын нэг. “Бух зах зээл” эрчээ хадгалахад зах зээлийн орон зай өргөн байх нь маш чухал байдаг. 

    - Зах зээлд суурь шинжилгээ хийх нь мөн чухал шүү дээ, тэгэхээр та Монголын хөрөнгө оруулагчид, арилжаанд оролцогчдод юу гэж зөвлөх вэ?

    - Та зах зээлийн төлөв байдал, суурь хүчин зүйлсийг дурдлаа. CMT зэрэгтэй хүн бүр нэг зүйлийг адил хэлдэг. Урт хугацааны трендийг эхлүүлдэг цөм нь үнэ цэнийг бий болгох суурь хүчин зүйл байдаг. Жишээлбэл: шинэ технологи хөгжүүлж, борлуулснаараа хувьцаа эзэмшигчдэдээ үнэ цэн бүтээж байгаа компани гэх мэт. 

    Суурь хүчин зүйл эсвэл макро эдийн засгийн шалтгаанаар урт хугацааны трендийн эхлэл тавигддаг. Гэхдээ суурь хүчин зүйлтэй холбоотой мэдээлэл гарсан даруй зах зээл нэг чигт хөдөлдөггүй. Ялангуяа АНУ-аас бусад оронд энэ нь ихээр хамаардаг. Учир нь аливаа суурь, эдийн засгийн мэдээлэл тархахад цагийн зөрүүтэй байдаг. 

    Хөрөнгө оруулагчдын зан төлөв, хандлага зах зээлд тусгалаа олох хүртэл хугацаа шаардагддаг. Тэгэхээр ханш гэдэг нь маш энгийн, нарийн дата гэдэгт бид итгэдэг. Юу хэлэх гээд байна вэ гэвэл зах зээлийн бүхий л тоглогчид аливаа суурь мэдээллийг тунгааж, шийдвэрээ гаргахад тодорхой хугацаа ордог. Үүний дараа л хөрөнгө оруулагчдын гаргасан шийдвэр бодит чарт дээр илэрч эхэлдэг. Тийм л учраас бид ханшийг анхааралтай ажиглаж, гол түвшнийг тогтоож, трендийг хайдаг. Мөн зах зээлийн эрч, төлөв байдлын техник шинжилгээ хийх нь хөрөнгө оруулагчдын ерөнхий зан төлөвийг тодорхойлоход тусалдаг. 

    ezgif-34ffa1c630de00aa.png

    Мэдээж хөрөнгө оруулагчид үргэлж логиктой шийдвэр гаргадаггүй. “Бух зах зээл” дуусах үед хангалуун, “Баавгай зах зээл”-ийн эцэст гутрах ч тохиолдлууд бүх л хөрөнгө оруулагчдад гардаг. Тиймээс л суурь хүчин зүйлээс шалтгаалсан аливаа хөдөлгөөнийг урьдчилан тодорхойлоход макро дата, техник шинжилгээ хийх нь ач холбогдолтой юм. 

    - Монголын хөрөнгө оруулагчидтай "CMT Association”-ийн зүгээс цаашид хэрхэн дэмжиж, хамтран ажиллахаар төлөвлөж байна вэ? 

    - Бид Санхүү эдийн засгийн их сургуультай хамтран ажиллах болсондоо маш баяртай байгаа. Нээлтийн арга хэмжээ аравдугаар сард болсон. СЭЗИС-ийн баг өндөр оролцоотой, гайхалтай ажилласан. Салбарын брокерууд, хөрөнгийн удирдлага болон олон оролцогчдыг урьж академик түншлэлийнхээ талаар сурагчидтай нээлттэй хэлэлцүүлэг хийсэн. 

    Нью-Йорк хотод төвтэй "CMT Association” нь Дубай, Мумбай, Торонто зэрэг олон улсад салбартай. Бид их сургуулиудтай хамтран ажиллаж, түнш сургуулийнхаа оюутнуудад тэтгэлэг олгодог. СЭЗИС-тай хамтран ажилласнаар бид салбарын мэргэжилтнүүд, сурагчдыг хооронд нь холбож байгаа. "CMT Association” нь өөрсдийн хөтөлбөрөөрөө дамжуулан шинэ үеийн зах зээлд оролцогчдод мэдлэг олгож байгаа нь маш үнэ цэнтэй зүйл гэдэгт итгэж байна. 

    Эрсдэл, хэлбэлзлийг оновчтой удирдахад нь тусална гэж найдаж байна. Бидний хувьд сахилга баттай техник шинжээч нь зөвхөн “Wall Street” бус дэлхийн бүхий л хэсэгт байх ёстой гэдэгт итгэдэг. Тодорхойгүй байдлыг итгэлтэйгээр даван туулахад Монголын хөрөнгө оруулагчдад ч тустай байна гэдэгт эргэлзэхгүй байна.

     

    Ярилцсан М.Эрхэс

    Cэтгэгдэл бичих