
Зургийг: Eric Thayer/Bloomberg
(Bloomberg) -- Хиймэл оюуны салбарт хийх хөрөнгө оруулалт эрчимжсэнээс гадна өсөлтийг дэмжих төсөв болон мөнгөний бодлогын ачаар дэлхийн эдийн засаг тарифын дарамтыг харьцангуй сайн даван туулж буйг Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа, Хөгжлийн Байгууллага (OECD) мэдээллээ.
Тус байгууллага АНУ болон Евро бүсийн энэ он болон ирэх оны өсөлтийн төсөөллөө ахиулаад байна. Мөн бусад томоохон эдийн засгийн төсөөллөө бага зэрэг өсгөжээ.
Худалдааны саад тотгор, тодорхойгүй байдлын нөлөөгөөр дэлхийн эдийн засгийн өсөлт огцом буурна гэж таамаглаж байсан ч энэ онд харьцангуй тогтвортой байсан. Хэдий тийм боловч II улиралд дэлхийн худалдааны өсөлт саарсан. Түүнчлэн тарифын нөлөө аажмаар үнийн өсөлтийг өдөөж, өрхийн хэрэглээ болон бизнесийн хөрөнгө оруулалтын өсөлтийг бууруулна Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа, Хөгжлийн Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Матиас Корманн мэдээллээ.
Ингэснээр дэлхийн эдийн засгийн өсөлт 2025 онд 3.2 хувь байх бол 2026 онд 2.9 хувь болж саарах төлөвтэй гэж тооцоолжээ.
Дональд Трампын дэлхийн худалдааны дүрмийг шинээр бичих оролдлого нь олон улсын байгууллагууд болон эдийн засагчид урьдчилсан тооцоолол гаргахад сорилт болж буй.
Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа, Хөгжлийн Байгууллага зургаадугаар сард танилцуулсан тайландаа энэ онд АНУ-ын эдийн засаг 1.6 хувиар өснө гэж таамагласан юм. Харин есдүгээр сард өсөлтийн төсөөллөө 1.8 хувь болгон нэмэгдүүлсэн бол одоо хоёр хувиар өснө гэсэн таамаг гаргаад байна.
АНУ-д хиймэл оюунд чиглэсэн хөрөнгө оруулалт эрс нэмэгдэж, дата төвүүд олноор баригдаж буй нь өсөлтийн төсөөллийг ахиулахад голлон нөлөөлж байгаа аж. Технологийн салбарын идэвхжил нь дэлхийн худалдааны урсгалыг дэмжиж буйг шинжээчид онцолж байна. Хэдий тийм боловч хиймэл оюуны тэсрэлтийг хасаж тооцвол өрхийн хэрэглээ саарч, Засгийн газрын худалдан авалт буурснаар АНУ-ын эдийн засаг оны эхний хагаст 0.1 хувиар агшсан гэж үзэж байна.
2026 оны төлөвийг харвал АНУ-ын дотоодын нийт бүтээгдэхүүн 1.7 хувиар өснө гэж тооцоолсон бол Евро бүсийн эдийн засаг 1.2 хувиар тэлэхээр байна. Харин Японы эдийн засаг ирэх онд 0.9 хувиар, БНХАУ-ын эдийн засаг 4.4 хувиар өснө гэж төсөөлжээ. Энэ нь өмнөх таамаглалаас өндөр дүн болж байгаа юм.