
Зургийг: Э.Тэнгис
Нийслэлийн агаар, орчны бохирдолтой тэмцэх газар ирэх онд 54.8 тэрбум төгрөгийн урcгал зардалтай ажиллахаар байгааг нийслэлийн ирэх оны төсвийн төсөлд дурдсан байна. Үүний 95.2 хувь нь дангаараа сайжруулсан түлшний тээвэрлэлт, хадгалалт, хяналт шалгалтын зардал, борлуулалтын урамшуулалд зарцуулагдахаар байна.
12 дугаар сарын нэгнээс буюу гурав хоногийн өмнөөс нийслэлчүүд хагас коксон шахмал түлшний хэрэглээнд бүрэн шилжээд байна. 2025-2026 оны галлагааны улиралд 425 борлуулалтын цэгээр импортын 306 мянган тонн хагас коксон түлш худалдаалж, Улаанбаатар хотын 170 гаруй мянган өрхийн түлшний хэрэгцээг хангахыг нийслэлээс мэдээлсэн юм. Нэг шуудай хагас коксны үнэ татаасаа тооцоод 5000 төгрөгөөр зарагдаж байна.
Хагас коксон шахмал түлш нь өмнө нь хэрэглэж байсан сайжруулсан түлштэй харьцуулахад агаарын бохирдлыг 40-50 хувиар бууруулах боломжтой гэж тооцоолж буй.
Үүнээс гадна агаарын бохирдлыг бууруулах хүрээнд энэ намар 5000 өрх, ирэх онд 50 гаруй мянган өрхийн гэр, байшинг дулаалж, хийн болон цахилгаан халаалт руу шилжүүлэхээр ажиллаж байгаа аж. Тухайн өрхүүдийн хэрэглээний зардалд нэг өрхөд 900 мянган төгрөгийн татаас олгох зохицуулалт хийжээ.
Агаарын бохирдлын 50-иас дээш хувь нь нүүрс, 30 орчим хувь нь автомашины яндангийн утаанаас үүдэлтэйг албаныхан мэдээлж байв. Юм шатааж л байгаа бол утаа гарах нь тодорхой тул түлшийг шинэчиллээ гээд агаарын бохирдол бууруулахад төдийлөн үр дүнд гарахгүйг судлаачид хэлдэг.
Энэ өвөл угаарын хийд хордох, угаартаж нас барах тохиолдлууд өндөр түвшинд хадгалагдсаар байна. НЭМҮТ-ийн мэдээлснээр энэ он гарсаар угаарын хийд хордсон 1267 дуудлага бүртгэгдэж, 110 хүн угаартаж нас баржээ.