
Зургийг: С.Батсайхан
Аудитын дүгнэлтээр улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй 145 төслийн 110 нь зураг төсөл, төсвийн шаардлага хангаагүй байгаа аж. Эдгээр 145 төсөл арга хэмжээний төсөвт өртөг анх 902 тэрбум төгрөгөөр батлагдсан ч магадлалаар 42.5 хувиар нэмэгдэж, 1.5 их наяд төгрөг байхаар баталгаажуулсан байна. Тодруулбал: захиалагчдаас төсөвт өртгийг нийт 521 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх санал ирүүлснээс 31.3 хувь буюу 163 тэрбум төгрөгийг аудитын дүгнэлтээр үндэслэлгүй гэж үзээд хасжээ.
Материалын хэмжээг үндэслэлгүйгээр өсгөх, жишиг үнээс өндрөөр тооцох, үр ашиггүй ажил гүйцэтгэхээр төлөвлөсөн зэрэг шалтгаанаар анх батлагдсанаас өртөг нэмэгдэх нийтлэг зөрчил байгааг аудитын дүгнэлтэд дурджээ.
Төсөвлөлтийн шаардлага хангаагүй төсөл, арга хэмжээг улсын төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгаж буй нь өртөг анх оруулж ирсэн дүнгээс нэмэгдэх үндсэн шалтгаан болж байгааг Үндэсний аудитын газраас анхааруулсан байна. Үүнд барилга, байгууламжийн төсөвт өртөг нэмэгдэхэд төлөвлөх үйл явцын дараалал алдагдсан, нэмэлт ажил төлөвлөсөн, зураг төсөл өөрчилсөн зэрэг шалтгаанууд зонхилж буй.
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний төсөвт өртөг болон санхүүжүүлэх дүн жил ирэх тусам нэмэгдэж байгаа ч үр ашиг муутай байгааг Нээлттэй нийгэм форумаас хийсэн судалгаанд онцлон тэмдэглэжээ.
2025 оны төсвөөс 2.4 их наяд төгрөгийг барилга, байгууламжид зарцуулахаар баталсан нь өмнөх оныхоос 16.3 хувиар буурсан ч 2020 онтой харьцуулахад 2.3 дахин нэмэгдсэн дүн болж байна.