
Зургийг: SeongJoon Cho/Bloomberg
(Bloomberg) -- “Samsung Electronics” компани анхны гурав нугардаг бүтэцтэй ухаалаг гар утсаа мягмар гарагт танилцууллаа. Энэ төрлийн ухаалаг гар утас энгийн хэрэглэгчдийн дунд хараахан хүчээ аваагүй байгаа ч “Samsung” компани үүгээр инженерчлэлийн ур чадвараа харуулсан явдал болжээ.
Хоёр нугастай, дэлгэсэн үедээ таблеттай ойролцоо хэмжээний том дэлгэцтэй болдог "Galaxy Z TriFold" гар утсыг “Samsung” компани БНСУ-д 12 дугаар сарын 12-ноос 3.59 сая вон буюу 2450 ам.долларын үнэтэйгээр худалдаанд гаргах аж. Мөн АНУ, БНХАУ, Сингапур, Арабын Нэгдсэн Эмират зэрэг улсын зах зээлд гаргахаар төлөвлөжээ.
Ингэснээр тус компани “Apple” анхны нугардаг "iPhone" гар утсаа танилцуулахаас нэлээн хэдэн сараар өрсөж, шинэ загварын гар утсаа танилцуулж байна. Ирэх оны намар танилцуулагдах нугардаг "iPhone" нь “Samsung”-ийн өнгөрсөн долоодугаар сард гарсан "Galaxy Z Fold 7"-той төстэй ном хэлбэрийн дизайнтай байхыг “Bloomberg” мэдээлж байв.
Гурав нугардаг гар утасны зах зээлд БНХАУ-ын “Huawei Technologies” компани анхдагч болж, 2024 онд "Mate XT", энэ онд шинэчлэгдсэн "Mate XTs" загваруудаа танилцуулаад буй. “Samsung”-ийн "Galaxy Z TriFold"-той үнийн хувьд ойролцоо тэдгээр гар утас БНХАУ-ын зах зээлд өндөр борлуулалттай байгаа ч “Android” үйлдлийн системийн аппликэйшнүүдийг бүрэн дэмждэггүй аж.
"Galaxy Z TriFold" нь дэлгэсэн үедээ 3.9 миллиметрийн зузаантай, "Mate XT"-тэй ижил 10 инчийн дэлгэцтэй болдог. Харин эвхэхдээ хоёр талаас нь нугалдаг тул “Z” хэлбэрээр эвхэгддэг "Mate XT"-ээс ялгаатай аж.
Болзошгүй эвдрэлээс сэргийлж, эдэлгээг уртасгахын тулд гар утасны нугас, хөнгөн цагаан их бие, дэлгэцийн технологийг сайжруулснаа “Samsung” онцолжээ. Мөн дэлгэцийг нь засуулах шаардлагатай болсон тохиолдолд 50 хувийн нэг удаагийн хөнгөлөлт үзүүлэхээ мэдээлсэн байна.