
Зургийг: Andrey Rudakov/Bloomberg
(Bloomberg) -- БНХАУ-ын “DeepSeek” компани хэдэн долоо хоногийн өмнө гаргасан туршилтын хиймэл оюуны загварынхаа хоёр шинэ хувилбарыг танилцуулаа. Шинэ хувилбарууд нь тодорхой үйлдлүүдийг бие даан гүйцэтгэх, сэтгэх чадамжийг хослуулсан гэж мэдэгдсэн байна.
Ханжоу хотод төвтэй “DeepSeek” компанийн есдүгээр сард гаргасан хиймэл оюуны загварыг туршилтын статустай нь уялдуулан “DeepSeek-V3.2-Exp” хэмээн нэрлэж байсан бол хамгийн сүүлийн шинэ хувилбарыг нь “DeepSeek-V3.2” гэж нэрлэсэн байна.
“DeepSeek”-ийн энэхүү шинэ үйлчилгээ нь “OpenAI”-ийн “GPT-5”-ийн гүйцэтгэлтэй олон шалгуур үзүүлэлтүүдээр ижил түвшинд байгааг мэдээлсэн юм. Энэ нь БНХАУ-ын нээлттэй эхийн системүүд нь АНУ-ын хиймэл оюуны загваруудтай өрсөлдөх чадвартай хэвээр байгааг харуулж байна.
“DeepSeek” мөн “V3.2” хувилбар нь хүний сэтгэх чадварыг дуурайж хайлтын систем, тооны машин зэрэг хэрэгслийг биен даан ашиглах, код бичих, бичсэн кодыг хайлтад хэрэглэх зэрэг чадвартай гэж мэдээлжээ.
““DeepSeek-V3.2” нь хүний сэтгэх чадварыг хиймэл оюуны хэрэглээнд шууд нэвтрүүлсэн анхны загвар бөгөөд хүн шиг сэтгэх горимыг идэвхгүй болгон ашиглах ч боломжтой" гэж тус компани “X” платформ дахь мэдэгдэлдээ дурдсан байна.
Өнгөрсөн нэгдүгээр сард технологийн салбарыг анхны хиймэл оюуны загвараараа гайхшируулсан “DeepSeek” компани өмнө нь шинэ хувилбар нь дараагийн үеийн хиймэл оюун руу чиглэсэн байх болно гэж тодорхойлж байсан юм.
Харин “DeepSeek”-ийн гаргасан хоёр дахь хувилбар болох “V3.2-Speciale” нь математикийн тооцоолол хийх, мөн урт хугацаанд сэтгэх буюу тооцооллын маш урт гинжин хэлхээ үүсгэх чадвартай юм байна. Энэхүү загварын зорилго нь "Нээлттэй эхийн загваруудын дүгнэлт хийх чадварыг хязгаарт нь хүргэж, хиймэл оюуны хил хязгаарыг судлах явдал юм” гэж тус компани мэдээлжээ.
“DeepSeek-V3.2-Speciale” нь “Google”-ийн хамгийн сүүлийн үеийн “Gemini-3 Pro”-ийн гүйцэтгэлтэй ижил түвшний гүйцэтгэл үзүүлж байгаа аж. Олон улсын математикийн олимпиад, Олон улсын мэдээлэл зүйн олимпиад зэрэг стандартчилсан шалгалтуудад алтан медаль авах түвшинд хүрсэн гэж тус компани тодотголоо.