logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эрүүл мэнд
    Нийтлэлийг хуваалцах
    П.Тунгалаг
    Эрүүл мэндийн даатгалын санг ЭМЯ-ны харьяаллаас гаргах шаардлагатай
    Нийтэлсэн огноо: 2025 оны 12 сарын 02 10:10
    390

    Зургийг: Э.Тэнгис

    2026 онд Эрүүл мэндийн даатгалын сангийн нийт орлого хоёр их наяд 746 тэрбум төгрөг бол нийт зарлага нь хоёр их наяд 458 тэрбум төгрөг байхаар батлаад байна. 2025 оны тодотгосон төсвөөс орлого 11.4 хувиар өсөж, зарлага нь 9.6 хувиар нэмэгдсэн дүн юм.

    Энэ оны эцэст сангийн орлогыг 2.2 их наяд төгрөгт хүрнэ гэж тооцоолж байгаа. Харин зарлага нь үүнээс 300 орчим тэрбум төгрөгөөр давах тооцоололтой. Ингэснээр Эрүүл мэндийн даатгалын санд 280 орчим тэрбум төгрөгийн өр төлбөр үүсэхээр байгааг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар тодотгосон. Даатгалын сангийн санхүүжилтээс шалтгаалан зарим эмнэлгүүд нэн яаралтай бус мэс засал эмчилгээнүүдийг хойшлуулж буйг иргэд мэдээлж байна.

    Даатгалын санд өр төлбөр хуримтлагдаж байгаа нь өртгөө зөв тооцож чадахгүйгээс гадна санхүүгийн сахилга бат, хяналт сул байгааг салбарынхан шүүмжилдэг. Эрүүл мэндийн даатгалын сан гүйцэтгэлийн санхүүжилтийн тогтолцоотой. Санд ирүүлсэн нэхэмжлэлийн хяналтаар 2023-2025 онд нийт 230 мянган алдаа зөрчил илэрснийг ЗГХЭГ-ын дарга мэдээлж байсан юм.

    Үүнээс гадна Төрөөс хариуцан төлдөг иргэдийн шимтгэл болон зарлага харьцангуй байна. Тухайлбал: 2024 онд Төр хариуцан төлөх иргэдийн шимтгэл даатгалын сангийн орлогын 16.8 хувийг бүрдүүлсэн бол зарлага нь 41.9 хувийг эзэлжээ. Өөрөөр хэлбэл Төр шимтгэлийг хариуцан төлдөг иргэдийн авсан тусламж үйлчилгээний зардал даатгалын санд төвлөрүүлсэн шимтгэлийн орлогоос 2.7 дахин өндөр байсныг тайлагнасан. 0-18 насны хүүхэд, тэтгэврийн насныхан зэрэг 2.2 сая иргэний шимтгэлийг Төр хариуцдаг.

    unnamed.jpg

    Харин нөгөө талдаа ажил олгогчийн орлогоос шимтгэл төлж буй даатгуулагч нь Эрүүл мэндийн даатгалын сангийн орлогын 42.4 хувийг бүрдүүлсэн ч сангийн зардлын 7.9 хувийг зарцуулсан.

    Монгол Улс 2025 оны байдлаар эрүүл мэндийн салбарт дотоодын нийт бүтээгдэхүүний гурав орчим хувьтай тэнцэх хэмжээний санхүүжилт зарцуулж буй нь бүс нутаг болон дэлхийн дунджаас доогуур байна. Ирэх таван жилд салбарын санхүүжилтийг үе шаттай нэмэгдүүлж, 2027 онд дотоодын нийт бүтээгдэхүүний таван хувьд, 2030 онд зургаан хувьд хүргэхээр төлөвлөж байна.

    2026 онд эмч, эмнэлгийн ажилтнуудын цалинг 75 хувиар нэмэхээр болсон. Гэвч цалинг 15 хувиар нэмэх санхүүжилтийг Эрүүл мэндийн даатгалын санд нэмж баталсан юм. Үлдсэнийг нь Эрүүл мэндийн даатгалын сангаас гаргах тохиолдолд сангийн тогтвортой байдал эрсдэлд орох, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмж буурах эрсдэл байгааг салбарынхан тодотгож буй.

    Иймд цаашид эрүүл мэндийн тусламж үйлчилгээний өртгийг зөв тооцох, сангийн хяналтыг сайжруулах, санхүүгийн сахилга баттай байхад анхаарах шаардлагатай. Мөн Эрүүл мэндийн даатгалын санг Эрүүл мэндийн яамны харьяаллаас гаргах, эмчилгээний бүх төлбөрийг даатгалын сангаас гаргахгүй, хамтын төлбөрийн системтэй болох, тарифыг нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээ авах шаардлага тулгарч буйг онцолж байна.

    Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн

    УИХ-ын гишүүн С.Одонтуяа

    Cэтгэгдэл бичих