
Alexander Zemlianichenko Jr/Xinhua/Getty Images
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины Украинд хийж буй дайн дөрөв дэх өвөлтэйгөө золгож, Оросын иргэд өдрөөс өдөрт улам илэрхий болсоор байгаа дайны нөлөөлөлд дасан зохицож амьдарч байна. ОХУ-ын төв, өмнөд хэсгийн бүс нутгууд дахь эрчим хүчний байгууламж, орон сууцны барилгууд дрон, пуужингийн цохилтод өртөж, агаарын довтолгооны түгшүүрийн дохио бараг шөнө бүр хангинаж, дайны гал хаяанд нь ирснийг ил тод сануулах болжээ.
Фронтын шугамаас нааших Орос орон бүхэлдээ дайны эдийн засгийн төлөөсийг мэдэрч эхэлж байна. Айл, өрхүүд хүнсний зарцуулалтаа танаж, ган үйлдвэрлэл, уул уурхай, эрчим хүчний компаниудын үйл ажиллагаа хүндэрч, тус улсын эдийн засгийн хөдөлгүүр доголдох болов. Төсвийн даацтай дэмжлэг үзүүлж, эрчим хүчний бүтээгдэхүүний экспортын орлогоо дээд түвшинд хүргэсний ачаар дайны эхэн үед харьцангуй тэсвэртэй байсан эдийн засаг нь одоо жинхэнэ том шалгууртай тулгарч байна.
Энэ сорилт бол Украины ард түмний туулж буй зовлон зүдүүртэй харьцуулшгүй, мөн ямар ч үед Владимир Путинд дайныг зогсоох шалтгаан нь болох магадлал бага. Хэдий тийм боловч бүрэн хэмжээний дайн эхлүүлэхээр 2022 оны хоёрдугаар сард гаргасан шийдвэрийнх нь өртөг зогсолтгүй өсөн нэмэгдсээр байгаагийн тод илрэл юм.
Дайны нөлөөлөл ийнхүү хурцадсан нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа гал зогсоох хэлэлцээрийг наашлуулахын тулд идэвхтэй хөдөлж, ОХУ-ын газрын тос, байгалийн хийнээс олох орлогыг хумихаар шахалт үзүүлж эхлээд буй үетэй давхцаж байна. АНУ, ОХУ-ын хэлэлцээ хийгчид хөшигний цаана ажиллаж, Кремльд тогтоосон хориг арга хэмжээг зөөлрүүлэх нөхцөлтэй тохиролцоо ойрын хугацаанд биеллээ олох магадлал нэмэгдэж байна.
“Эдийн засгийн ерөнхий үзүүлэлтүүдээс харвал дайныг одоо зогсоох нь Орост хамгийн зөв хувилбар. Гэсэн ч дайныг зогсоохын тулд аль нэг тал нь гарцгүй болох ёстой. Орос хараахан тийм нөхцөлд хүрээгүй байна” хэмээн "Carnegie Russia Eurasia Center"-ийн захирал Александр Габуев онцлов.
"Үнэ цалингаас хурдтай өсөж байна” гэж Москвагийн бүс дэх нэгэн компанийн менежер 27 настай Елена хэлж байна. Хожим гарч болох үр дагавраас сэргийлэхийн тулд "Bloomberg" түүний овгийг нууцалсан болно. Тэрбээр худалдан авалтын дадал зуршлаа өөрчилж, хувцас авахаа багасгаж, хэт үнэтэй болсон импортын барааны оронд дотоодын брэндүүдийг сонгох болжээ.
Энэ нь цэрэг, зэвсгийн хөрөнгө оруулалтын ачаар дотоодын нийт бүтээгдэхүүн тэлж, улмаар 2024 онд цалин хөлс бараг 20 хувиар өсөж, хэрэглэгчдийн эрэлт болон инфляцыг өдөөж байсан дайны эхэн үеэс тэс өөр дүр зураг.
ОХУ-ын Төв банк инфляцыг тогтворжуулж, “хэт халсан” эдийн засгийг хөргөхийн тулд өнгөрсөн оны аравдугаар сард бодлогын хүүгээ түүхэн дээд түвшинд буюу 21 хувьд хүргэсэн юм. Үүнээс хойш зээлийн өртөг аажмаар буурсан мөнгөний хатуу бодлогын үр нөлөөлөл урт хугацааны дараа мэдрэгдэж эхэлжээ. Үр дүнд нь дайны горимд тохируулан өөрчлөгдөөд буй ОХУ-ын эдийн засгийн улам гүнзгийрсээр байгаа тэнцвэргүй байдал ил болж байна.
11 дүгээр сарын эхээр инфляц 6.8 хувь болж саарсан ч гол шалтгаан нь хэрэглэгчдийн эрэлт буурсантай холбоотойг ОХУ-ын Батлан хамгаалахын сайдын дүүгийн удирддаг Макро эдийн засгийн шинжилгээ, богино хугацааны тооцооллын төвийн сүүлд гаргасан тайланд дурджээ. Оросууд ялангуяа хүнсний хэрэглээгээ танаж буйг "Sberbank"-ийн нээлттэй өгөгдлийн платформ “SberIndex”-ээс харж болно.
“Долоо хоногийн хүнсний дундаж зардал сүүлийн жилүүдэд хоёр дахин өссөн” хэмээн Тамбов хотод менежерээр ажилдаг 40 настай Денис мэдээлсэн. Зардлаа эргэн харахаас өөр аргагүй болсон тул тэдний гэр бүл жимс, ногоо худалдан авахаа багасгажээ.
Үүнээс гадна Украины цэргийн ажиллагааны шууд үр дагаврыг дурдах ёстой. Украины дронууд ямар ч саадгүйгээр Хар Тэнгисээс Балтын Тэнгисийн эрэг хүртэл нисэн газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд халдаж, зарим нь Украины хилээс 3200 гаруй километрийн зайтай Сибирийн бүсэд ч хүрч байгаа.
Эдгээр цохилт нь ОХУ-ын дотоодын шатахууны зах зээлийн хямралыг улам гүнзгийрүүлснээр наймдугаар сарын эцсээс бензиний үнэ эрс нэмэгдэхэд нөлөөлсөн байна. 11 дүгээр сард бензиний үнэ бага зэрэг буурсан ч өндөр түвшинд хэвээр байгаагаас гадна зарим бүс нутагт хомсдолтой хэвээр.
ОХУ-ын эдийн засаг 2025, 2026 онд багахан хэмжээний өсөлт үзүүлэх боломжтой гэж олон шинжээчид таамаглаж буй ч Москвад төвтэй Стратегийн судалгааны төв 11 дүгээр сарын 18-нд гаргасан үнэлгээндээ “эдийн засгийн уналтаас зайлсхийх бараг ямар ч боломж үлдсэнгүй” хэмээн анхааруулжээ. Тус байгууллагын дүгнэлтээр ОХУ-ын аж үйлдвэрийн салбарын тал гаруйд үйлдвэрлэл аль хэдийн буурч эхэлсэн нь дээрх эрсдэлийг нэмэгдүүлж байна.
Эдийн засгийн өсөлт гуравдугаар улиралд 0.6 хувь болж саарсан нь шинжээчдийн хүлээлтээс доогуур байлаа. Төсвийн алдагдал харин аравдугаар сард дотоодын нийт бүтээгдэхүүний 1.9 хувьд хүрч, Сангийн яамны тооцоолсноор оны эцэст 2.6 хувьд хүрэхээр байна.
Тус улсын эдийн засгийн гол тулгуур газрын тос, байгалийн хийн орлого энэ оны эхний 10 сард өнгөрсөн оны мөн үеэс 20 хувиар буурч, 7.5 их наяд рубль болсныг Сангийн яамны мэдээлэлд үндэслэн "Bloomberg" тооцоолжээ. Газрын тосны үнийн уналт, хориг арга хэмжээ болон рублийн ханш чангарсан зэрэг нь ОХУ-ын газрын тос үйлдвэрлэгчдийн нэг баррель тутмаас олдог рублийн орлогыг огцом бууруулж байна.
Владимир Путин энхийн хэлэлцээрт орохоос татгалзсанд дургүйцсэн АНУ өнгөрсөн аравдугаар сард ОХУ-ын тэргүүлэх газрын тосны компаниуд болох "Rosneft" болон "Lukoil"-д гэнэтийн хориг тавьсан юм. Улмаар 11 дүгээр сарын эхний хагаст ОХУ-ын шатахууны экспорт Украин дахь эзлэн түрэмгийлэл нь эхэлснээс хойших доод түвшиндээ хүрч буурчээ. Мөн ОХУ-ын БНХАУ-тай хийх худалдаа нэг хэсэг эрс өсөж байсан нь өдгөө татраад байна.
“ОХУ-ын эдийн засгийн дархлаа ноцтой сулраад байна” гэж Ломоносовын нэрэмжит Москвагийн Их сургуулийн харьяа Эдийн засгийн бодлогын судалгааны төвийн захирал Олег Буклемишев онцолж байна. Мөн тэрбээр “2026 онд тогтолцооны хэмжээний хямрал тохионо гэж хэлэхгүй, гэхдээ эдийн засгийн нөхцөл байдал үргэлжлэн доройтно. Хэрэв Оросын эрх баригчид эдийн засгаа хэвийн байлгамаар байвал цэргийн тусгай ажиллагаагаа алгуур зогсоохоос өөр аргагүй. Энэ сонголтыг хийх шаардлагатайг тэд хараахан гүйцэд ухаараагүй байгаа, гэхдээ анхааруулгын хонх хэдийн жингэнэж эхэлсэн” хэмээжээ.