
Зургийг: ebrd.com
Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк (ЕСБХБ) болон “Макс Групп”-ийн хоёр охин компани тус банкны санхүүжүүлж буй төслийн явцад авлигын шинжтэй үйлдэл гаргасан асуудалд тохиролцоонд хүрлээ.
Энэ хүрээнд “Макс Импекс” ХХК, “Хан Алтай Ресурс” ХХК болон хамаарал бүхий 22 компанид 4.5 жилийн хориг тавьсан байна. Ингэснээр тус банкны санхүүжилттэй төсөл, хөтөлбөрт оролцох эрхийг нь хаслаа. Тодруулбал: “Макс Групп”-ийн охин компаниуд шийдвэр гаргалтад нөлөөлөх зорилгоор ЕСБХБ-ны ажилтнуудад "зохисгүй" төлбөр өгөхийг завдсан нь хяналт шалгалтаар тогтоогдсон аж. ЕСБХБ-ны ажилтнууд өндөр ёс зүйн стандартыг баримталж, дээрх үйлдлийг нэн даруй ёс зүйн хяналтын газарт мэдээлсэн байна.
“Макс Групп”-ийн охин компаниуд хэргийг шалгах явцад хамтран ажиллаж, хориотой үйлдэлд гэм буруутайгаа хүлээн зөвшөөрч, бусад ЕСБХБ-ны санхүүжилттэй төсөлд хамрагдахгүй байх хүсэлт гаргасан тул хориг арга хэмжээг багасгасныг мэдээлсэн.
Тохиролцооны хүрээнд “Макс Импекс” болон “Хан Алтай Ресурс” компани нь өөрсдийн дотоод ёс зүйн хяналт шалгалтын процессыг сайжруулж, дахин зөрчил гарах эрсдэлийг бууруулах тал дээр анхаарч ажиллахгүй бол хоригийг нэмэлт дөрвөн жилээр сунгана.
ЕСБХБ-ны хориг нь Дэлхийн Банк, Азийн Хөгжлийн Банк зэрэг бусад Олон улсын хөгжлийн банкнуудын төсөлд мөн хамаарах юм.