
Зургийг: С.Батсайхан
Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар МИАТ, Дулааны IV цахилгаан станц, "Мэдээлэл холбооны сүлжээ" Төрийн өмчит компаниудын удирдлагуудад хариуцлага тооцох чиглэл өглөө.
Төрийн өмчит компаниудад хийсэн хяналт шалгалтаар Дулааны IV цахилгаан станц 2024 онд 1.8 тэрбум төгрөгийн үнэ бүхий бараа материалын хадгалалтын горим алдагдсанаас ашиглалтгүй болгосныг илрүүлжээ. Энэ оны эхний хагас жилийн байдлаар тус компанийн бараа материалын нийт үлдэгдэл 37.4 тэрбум төгрөг байсан байна.
Мөн Дулааны IV цахилгаан станцын II болон IV зуухны их засварыг хийхдээ төсөвт өртгийг 1.1 тэрбум төгрөгөөр хэтрүүлсэн. Сүүлийн хоёр жилд 429.1 сая төгрөгийн бараа материал акталснаас 375.6 сая төгрөгийн бараа материал шаардлага хангахгүй байсан нь тогтоогджээ.
Харин МИАТ компанийн үйл ажиллагааны зардал энэ онд өссөн ч төлөвлөгөөнөөс доогуур гүйцэтгэлтэй байна. Үндсэн болон түр орон тоог батлагдсан төсвөөс хэтрүүлсэн нь ажилчдын цалингийн зардал есөн тэрбум төгрөгөөр нэмэгдэхэд нөлөөлснийг мэдээллээ.
Түүнчлэн “Эрчист Монгол” ХХК-ийн харьяа “Мэдээлэл холбооны сүлжээ” ТӨХК нийт 5.3 тэрбум төгрөгийн шатахууныг шууд гэрээгээр худалдан авсан нь хуульд заасан нээлттэй тендерийн шаардлага зөрчсөнийг тогтоожээ.