logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    П.Тунгалаг
    ЗГ: Ирэх 5 жилд татвар төлөгчдийн бодит татварын хэмжээг 5 хувиар бууруулна
    Нийтэлсэн огноо: 2025 оны 11 сарын 28 14:00
    261

    Зургийг: С.Батсайхан

    2030 он гэхэд хэрэглэгчдийн итгэлийн индексийг 114 хүргэж нэмэгдүүлнэ

    Засгийн газар ирэх таван жилийн хугацаанд татвар төлөгчдийн бодит дундаж татварыг таван хувиар бууруулах зорилтыг Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгаад байна. Энэхүү тогтоолын төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар энэ баасан гарагт эцэслэн батлах хуваарьтай байгаа юм.

    Дээрх зорилтыг бодит татварын ачааллыг жилд нэг хувиар бууруулах замаар хэрэгжүүлнэ. 2026 оны тухайд НӨАТ-ын буцаан олголтын хувь хэмжээг нэг сая төгрөг хүртэлх худалдан авалтад 50 хувь болгон нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн.

    28-2.JPG

    Үүнээс гадна аж ахуйн нэгжүүдийн зах зээлд нэвтрэхэд тулгардаг саад, хоригуудыг арилгах замаар бизнесийн орчны ерөнхий үнэлгээг 2029 он гэхэд 3.11-д хүргэхээр төлөвлөсөн бөгөөд  энэ үзүүлэлт 2023 онд 2.71 байсан юм.

    Мөн мэдээлэл, ил тод байдал, хяналтыг нэмэгдүүлснээр хэрэглэгчийн итгэлийн индексийг 114-т хүргэнэ. Энэ нь 2024 оны түвшнээс 9.3 хувиар нэмэгдэнэ гэсэн үг юм.

    Өнгөрсөн оны байдлаар үйл ажиллагаа эрхлээгүй бизнес эрхлэгчдийн тоо 49 мянга давж, өмнөх онтой харьцуулахад 63.5 хувиар, үйл ажиллагаагаа бүрэн зогсоосон аж ахуйн нэгжийн тоо 6000 хүрч, 2.3 дахин өссөнийг статистик мэдээллээс харж болно. Энэ нь татварын ачааллыг бууруулж, бизнесийн орчныг сайжруулах нэн шаардлагатай байгааг харуулж буйг эдийн засагчид онцолдог.

    28-3.JPG

    Үүнээс гадна гадаадын хөрөнгө оруулалтыг ирэх таван жилийн хугацаанд 6.6 тэрбум ам.доллар хүргэж нэмэгдүүлэх зорилт тавьсан. Өнгөрсөн оны эцэст гадаадын шууд хөрөнгө оруулалтын орох урсгал дөрвөн тэрбум ам.доллар болсон.

    Мөн хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах тогтолцоог боловсронгуй болгосноор гадаадын хөрөнгө оруулагчдын гомдлыг 100 хувь шийдвэрлэхэд анхаарна. Одоогоор гаднын хөрөнгө оруулагчдын гомдлын 25 орчим хувийг л шийдвэрлэж буйг Эдийн засаг, хөгжлийн сайд тодотгож байсан юм. Энэ нь хөрөнгө оруулагчдын итгэл буурахад нөлөөлж буй нэг шалтгаан болж байна. 

    Cэтгэгдэл бичих