
Зургийг: Toru Hanai/Bloomberg
(Bloomberg) -- “SoftBank Group” жижиг хөрөнгө оруулагчдад зориулан долоон жилийн хугацаатай 3.98 хувийн купонтой, 3.2 тэрбум ам.доллар буюу 500 тэрбум иений бонд гаргахаар төлөвлөж байна.
Бондын хүү нь тус компанийн сүүлийн 15 жилийн хугацаанд гаргаж байсан иенээр нэрлэсэн бонд дундаа хамгийн өндөрт тооцогдож байна. Ийм өндөр купонтой ижил төрлийн бондыг хамгийн сүүлд 2009 онд 4.52 хувьтай гаргаж байжээ.
Японы Төв банк 2024 оны гуравдугаар сараас бодлогын хүүгийн сөрөг түвшнээ эцэслэснээр хөрөнгө оруулагчид өндөр өгөөжтэй компанийн бондын зах зээл рүү хошуурч байна.
Санаэ Такаичигийн эдийн засгаа дэмжих багц төлөвлөгөөтэй зэрэгцээд инфляц болон зах зээлийн болгоомжлол нэмэгдэж, компанийн бонд гаргалтын жишиг түвшин болж байдаг Японы Засгийн газрын бондуудын өгөөж өссөөр байна.
Энэ талаар “Nomura Securities”-ийн Ахлах шинжээч “Бодлогын хүүгийн түвшин өсөж байгаа тул жижиг хөрөнгө оруулагчдын хувьд компанийн бонд илүү анхаарал татаж байна. Компаниудын бонд гаргалт дээд түвшинд хүрсэнтэй зэрэгцээд мэргэжлийн хөрөнгө оруулагчдад санал болгоход улам хүндрэлтэй болж байна" гэж тодотгожээ.
Үүнээс гадна хиймэл оюунд төвлөрч буй технологийн компаниудын үнэлгээ хэт өндөр байгаа нь хөрөнгө оруулагчдын болгоомжлолыг нэмэгдүүлж буй бөгөөд “SoftBank Group”-ийн хувьцааны ханшид дарамт учирч байна.
“SoftBank Group”-ийн хувьцааны ханш аравдугаар сараас хойш 40 орчим хувиар буурч, 102 тэрбум ам.долларын зах зээлийн үнэлгээ нь арчигдсан юм.
Масаёши Сон “Open AI”-д хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэхээ мэдэгдсэний дараахан өрсөлдөгч “Alphabet” компани “Gemini 3.0” загвараа танилцуулсан нь гол хөрөнгө оруулж буй компанид нь сорилт болох төлөвтэй.