
Зургийг: Lam Yik/Bloomberg
(Bloomberg) -- “Bitcoin”-ийн ханш долоо гаруй хоногийн хугацаанд анх удаа 90 мянган ам.доллароос дээшиллээ. Сэргэлт удаан байгаа ч ханшийн дараагийн дээд цэгүүд анхаарлын төвд орж байна.
АНУ-ын Төв банк бодлогын хүүгээ үргэлжлүүлэн бууруулах хүлээлт нэмэгдэж, “Bitcoin”-ийн биржээр арилжаалагддаг сангуудад хөрөнгө оруулагчид эргэн ирсэн нь ханшийн сэргэлтэд дэм болж байна.
“Bloomberg Intelligence”-ийн датанаас харвал өнгөрсөн мягмар гарагт биржээр арилжаалагддаг сангуудад 130 сая ам.долларын шинэ хөрөнгө оруулалт хийгджээ. Хэдий тийм боловч 11 дүгээр сард эдгээр сангаас хэдийн 3.6 тэрбум ам.доллар гадагшлаад байна.
Одоогоор “Bitcoin”-ийн ханш оргил цэг болох 126 мянган ам.доллароос 28 хувиар бага түвшинд арилжаалагдаж байгаа юм.
Энэ удаагийн уналтаас онцлох нэг зүйл нь “Bitcoin”-ийн ханшийн хэлбэлзэл эрс багасаж, хувьцаануудтай адил хөдөлж байгааг шинжээчид тодотгож байна. Дижитал хөрөнгүүдээс нэг их наяд ам.доллар арчигдсан ч ханшийн сэргэлт удаан, хэлбэлзэл багатай байгаа нь зах зээлийн бүтэц хэрхэн өөрчлөгдөж буйг харуулж буй.
Өөрөөр хэлбэл институционал хөрөнгө оруулагчид болон биржээр арилжаалагддаг сангуудын оролцоо нэмэгдсэн нь олон нийтийн спекуляцид тулгуурладаг байсан “Bitcoin”-ийн хэлбэлзлийг намжааж байна гэж үзжээ.
“TerraUSD”, “FTX”-ийн хямралын уналтуудтай харьцуулахад аравдугаар сарын 10-ны уналт нь харьцангуй тогтуун байсан нь крипто зах зээл спекуляцад бус макро хүчин зүйлд тулгуурлаж эхэлснийг илтгэж байна.