
Зургийг: С.Батсайхан
2024 онд нийт 25 мянга гаруй Монгол Улсын иргэн эрүүл мэндийн үйлчилгээ авахаар БНСУ-ыг зорьж, 13.8 тэрбум вон буюу ойролцоогоор 33.5 тэрбум төгрөгтэй дүйцэх мөнгө зарцуулсан гэж “Yanolja” судалгааны байгууллага тооцоолсон байна.
Тайлангаас харахад 2021 оноос хойш тус улсыг зорьж эрүүл мэндийн үйлчилгээ авах монгол иргэдийн тоо тасралтгүй өссөөр байгаа аж. Тухайлбал: 2022-2024 он хүртэлх хоёр жилийн хугацаанд 81.8 хувиар өсжээ.
БНСУ-д иргэд нь хамгийн олноор эрүүл мэндийн үйлчилгээ авч буй улсуудаас Монгол Улс долоодугаарт бичигдэж байна.
Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр 2024 онд 169 мянга 513 иргэн БНСУ руу зорчжээ. Тус улсад зорчсон иргэдийн тоо өмнөх оноосоо 22.3 мянгаар буюу 15.1 хувиар нэмэгдсэн байна. Энэ нь нийт гадаад улсад зорчсон иргэдийн 7.1 хувийг эзэлж буй.
2024 онд гадаадын нийт 1.1 сая иргэн БНСУ-д эрүүл мэндийн үйлчилгээ авахаар зорчсон бөгөөд гадаад иргэдэд үзүүлсэн эрүүл мэндийн үйлчилгээнээс төвлөрсөн нийт хөрөнгийн хэмжээ нь 1.24 их наяд вон хүрсэн нь 2023 оныхоос 38 хувиар өссөн үзүүлэлт болжээ.