
Зургийг: Э.Тэнгис
Аж ахуйн нэгжүүд IV улиралд инфляц 8.7 орчим хувьтай, ирэх нэг жилийн хугацаанд 9.5 орчим хувьтай байхаар төсөөлж буйг Монголбанкны Бизнесийн төлөвийн түүвэр судалгаанд тодотголоо. Аж ахуйн нэгжүүдийн инфляцын хүлээлт өмнөх улирлаас 0.3 нэгж хувиар буурсан байна.
Хүнсний болон хүнсний бус боловсруулах үйлдвэрлэл, барилга, дотоод худалдааны салбарт үйл ажиллагаа эрхэлж буй 400 гаруй аж ахуйн нэгж судалгаанд хамрагджээ.
Ирэх нэг жилийн хугацаанд шуудан холбоо, зочид буудал, боловсролын үйлчилгээ, гэр ахуй болон бусад барааны бизнес эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийн бараа, үйлчилгээний үнэ 10 нэгжээс дээш хувиар өсөх хүлээлттэй байгаа аж.
Харин эм, эмнэлгийн үйлчилгээ, орон сууц, ус, цахилгаан болон хувцас, бөс барааны бизнес эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийн үнэ 10 нэгжээс доош хувиар буурах хүлээлт давамгайлж байна.
Аж ахуйн нэгжүүдийн эдийн засгийн мэдрэмжийн үзүүлэлт өмнөх улирлаас хоёр нэгжээр буурч, 87.3 хувьтай гарчээ. Өөрөөр хэлбэл 100-аас бага үзүүлэлттэй гарсан нь эдийн засгийн нөхцөл байдал муудах төлөв илэрхийлж байгааг судалгаанд тодотгосон байна.
Эдийн засгийн тодорхой бус байдлын үзүүлэлт барилгын салбарт хамгийн өндөр байгаа ч ерөнхийдөө бүх салбарт тодорхой бус байдлын үзүүлэлт өмнөх улирлаас буурсныг онцлов.
Ирэх улиралд барилга, үйлчилгээ, аж үйлдвэр, дотоод худалдааны салбарт эрэлт буурах хүлээлт давамгайлж байгаа бол зээлийн хүү өснө гэсэн хүлээлт хадгалагдсан хэвээр байгаа аж.